Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал Төрийн ордонд үргэлжилж буйтай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон, мөн Хилийн боомтын тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Газрын кадастрын хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг үүрэгтэй 4 ажлын хэсэг хуралдахаар болсныг тэрээр мэдээлэлдээ дурдлаа.
Мөн маргааш 6 байнгын хороо хуралдахаар болсныг мэдэгдэв. Тухайлахад Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дэд даргыг сонгох, МҮОНРТ-д зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн байнгын хороо Уул уурхайн сайдын мэдээлэл, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Тариалалтын бэлтгэл ажил, мал төлөлтийн өнөөгийн байдлын талаархи Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эмнэлгийн барилгын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох юм байна. Харин Төсвийн байнгын 2013 оны төсвийн тухай хөрөнгө оруулалтад Ерөнхий сайдын багцад тусгагдсан шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 50 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр нь задлах тухай асуудал хэлэлцэж, байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар мэргэжлийн болон төр, иргэний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан санал солилцох уулзалт зохион байгуулах аж.
Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хуульл тогтоомжийг 20416 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг тэрээр хэллээ. Мөн Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын асуудлыг хэлэлцэж, хамгийн олон санал авсан Д.Сумъябазарын нэрийг Ерөнхийлөгчид айлтгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Иймээс энэ долоо хоногт УИХ-ын 75 дахь гишүүн тангарагаа өргөх төлөвтэй байна гэдгийг дурдлаа.
Өнгөрсөн долоо хоногт манай орны улс төр, гадаад хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн амьдралд чухал ач холбогдолтой зарим үйл явдлууд болж өнгөрсний нэг нь эгнээндээ дэлхийн 150 гаруй орныг нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Монгол Улс эх орондоо тус нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлыг амжилттай зохион байгуулсан явдал юм гэдгийг Д.Энхтуяа дарга мэдээлэлдээ онцлов. Тэрээр хэлэхдээ “Бага хурлын хүрээнд “Ардчиллын төлөөх парламентчдын форум” амжилттай болж өндөрлөлөө. Ардчиллын төлөөх парламентчдын энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын санаачлагаар авлигатай тэмцэх сэдвийг сонгон авч улс орны парламентын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг энэ үйлсэд нэгтгэх чиглэлээр дэлхийн 15 улсын парламентын 28 төлөөлөгч, ажиглагчид зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч гурван нэгдсэн хуралдаан зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Парламентчдын чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй үг хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд, Г.Уянга, Сү.Батболд нар илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд нар парламентчдын нэгдсэн хуралдааныг даргалж ажилласан. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчиллын төлөөх парламентчдын форумын дэд Ерөнхийлөгчөөр ажиллалаа.
Ардчиллын төлөөх парламетчдын чуулга уулзалтаас Сайд нарын YII бага хуралд хүргүүлсэн зөвлөмждөө Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд үр дүнд хүрч байгааг сайшаасан нь манай улсын нэр хүндэд ач холбогдолтой чухал үнэлэлт юм” гэлээ.
Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.