Уулзалтын эхэнд парламентын тэргүүн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцохоор манай улсад саатсанд нь талархал илэрхийллээ.
Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэн өнгөрсөн оны сүүлээр Засгийн газартай хамтран Ази, Арабын орнуудаас туршлага хуваалцах олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм байна. Энэ семинар амжилттай болсныг УИХ-ын дарга онцлоод “Шударга сонгууль бол чанартай ардчиллын үндэс байдаг. Ардчиллын чанарыг чухалчлах нь манай улсын болон Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэнгийн эрхэм зорилго” хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн “Ардчилал ярихад заавал сонгууль ярьдаг. Манай улс 1990 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг хуулийн дагуу хугацаанд нь явуулж, туршлагажиж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийг шинэ хуулиар зохион байгуулж анх удаа гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авах, хурууны хээгээр санал өгөх, автомат машинаар санал тоолох гээд шинэ систем хэрэгжүүлсэн. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль мөн энэ системээр явагдах юм. 2000 онд манай улсын сонгууль дэлхийд хамгийн муу жишээ болж байсан бол өдгөө сайн жишээнд тооцогдох байх. Нэг жилийн өмнө сөрөг хүчин автомат машинд итгэдэггүй байсан бол энэ удаа Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин сонгуулийн дүн санал тоолох цахим машинд ямар ч асуудал байдаггүйг нотолж, ойлгож эхэлж байна. Ер нь сонгуулийн дүнд иргэдийн ирц нөлөөлж байна. Улс хөгжихийн хэрээр иргэд улс төр сонирхдоггүй болж байгаа нь хөгжлөөр тэргүүлсэн бусад орнуудын араас явж байгааг харуулж байгаа юм” гэв.
Ноён Видар Хелгэсэн АОХН-ийн Сайд нарын бага хурал амжилттай болсонд баяр хүргэлээн. Түүнчлэн ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа Монгол Улс бусад орнуудад хамгийн сайн жишээ улс болж байгааг дуулгалаа. Манай улс Ардчилал ба сонгуульд туслалцаа үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамгийн идэвхитэй хамтран ажилладаг оронд тооцогддог байна. Тиймээс тус хүрээлэнгийн хувьд Монгол Улсыг бусад улсуудад үлгэр жишээ болгон ярьдаг хэмээн ноён Видар Хелгэсэн мэдэгдлээ. Түүнчлэн сонгуулийн санал хураалтад автомат машин нэвтрүүлэхэд ялагдсан нам, эвсэл итгэхгүй байх зовлон ганц Монгол Улсад тохиолдоогүй гэлээ. Тухайлбал, Мексик улс сонгуулийн системдээ санал тоолох автомат машин нэвтрүүлэхэд мөн л зарим иргэн, сонгуульд ялагдсан нам итгэхгүй байх тохиолдол гарч байсан талаар дурслаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.