logo
Европийн холбооны гишүүн 27 улстай түншийн хэмжээнд харилцана

Европийн холбооны гишүүн 27 улстай түншийн хэмжээнд харилцана

2013/05/01
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Европын Комиссын Дэд ерөнхийлөгч, Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай К.Эштон нар энэ сарын 30-нд ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийв.  

Хэлэлцээний үеэр харилцан итгэлцэл, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үр дүнд шинэ хэлбэр агуулгаар баяжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, урт хугацааны стратегийн зорилтуудын нэг Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал байдаг бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны талаас өндөр түвшинд хийгдэж буй энэхүү айлчлал нь хоёр талын улс төрийн дотно харилцаа, итгэлцлийг бататгах, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан айлчлал, яриа хэлэлцээний залгамж чанарыг хадгалах, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд оршиж байгааг талууд онцлов.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Европын холбоо хоорондын “Түншлэл Хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурав.

“Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулснаар Монгол Улс Европын Холбоо болон түүний гишүүн 27 улстай хөгжүүлэх харилцаа түншийн хэмжээнд очиж, хамтын ажиллагааны олон шинэ боломж нээгдэж байна.

Европын стандарт, норм, хэм хэмжээ нь дэлхийн эдийн засаг болон технологийн дэвшлийг хөгжүүлэхэд тэргүүлэх хувь нэмэр оруулдаг бөгөөд Монгол Улсад эдгээрийг нутагшуулахад манай тал анхаарч ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш