logo
Б.Бадрал: Нийслэл цаашдаа ч энэ жишгээрээ ажиллана

Б.Бадрал: Нийслэл цаашдаа ч энэ жишгээрээ ажиллана

2013/05/01
Нийслэл хотод энэ сард хийгдсэн тохижилтын ажил болон цаашид хийгдэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодрууллаа.

Нийслэлд хийсэн цэвэрлэгээ, бусад тохижилтын ажилд  иргэдийн сэтгэгдэл их өндөр байна. Өнгөрсөн сард хийсэн ажлуудаас  товч дурдвал?

Богино хугацаанд бүх нийтийг хамарсан Хот тохижилтын ажил амжилттай болж, иргэд  ч сэтгэгдэл өндөр байна. Ямар ч байсан нийслэл хот маань хур хогноосоо салж, Хонхтой цэцэрлэг, Эрх чөлөөний талбайн тохижилтын ажил дууслаа. “Маамуу нааш ир”, “Элгэн нутаг”, Ю.Цэдэнбал агсны гээд хотын төвд байрладаг арваад хөшөөг засварлаж, угааж, цэвэрлэлээ. Зам, талбайгаа угааж, чийгшүүлдэг боллоо. Мөн замын хөдөлгөөнд саад учруулж, жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж байсан 1000 орчим рекламны самбарыг буулгасан байна. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнээр 1000 гаруй хогийн сав, 400-аад сандлыг шинэчиллээ. Иргэд маань энэ ажлыг зөвхөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хуралтай холбогдуулан хийлээ гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ хамтарвал, бүгдээрээ хүчин зүтгэвэл ямар үр дүн гардгийг бид бодитоор харлаа. Тиймээс нийслэл хот цаашдаа энэ жишгээр ажиллана.

Цаашид ямар ажлууд хийгдэх вэ?

Сая бид гол гудамжууд буюу 1-р зэрэглэлийн гудамж гэж нэрлэгддэг гудамжуудын тохижилтын ажил дээр анхаарч ажилласан. Одоо 2, 3-р зэрэглэлийн гудамжуудын тохижилтыг  ид хийж байна.  Жишээ нь, баруун болон зүүн 4 замын уулзвар, хуучин 120 мянгатын тойргийн тохижилтын ажил 05-р сарын 06-нд, Сөүл, Худалдааны гудамжны тохижилт 05-р сарын 25-нд дуусна. Мөн замын тэмдэглэгээ тодруулах, ногоон байгууламж сэргээх, хашлага будах, замын нөхөөс хийх зэрэг ажлуудыг хийнэ. Тоосжилтыг багасгах зорилгоор зам, талбайг услах, цэвэрлэх ажлыг өглөөний 04-06 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байх  үүрэг өгсөн.  Удахгүй явган хүний зам засах, услах, цэвэрлэх тусгай зориулалтын машиныг оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Мөн автобусны буудлуудыг засварлаж тохижуулах, хогийн сав, сандлуудыг гэр хорооллуудад байршуулах ажлыг төлөвлөгөөний дагуу дотоодын үйлдвэр эрхлэгчидтэй хамтран хийнэ. Цаашид нийслэл хотод хийх ажлыг хариуцах “Шуурхай удирдлагын төв”-ийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд байгуулж байгаа. Энэ төв нь өвөл, зунгүй хотын тохижилт, үйлчилгээг хариуцах юм. Цаашдаа нэг нь хотоо цэвэрлэж, нөгөө нь хог хаядаг байж болохгүй. Тиймээс хоггүй, тоосжилтгүй, цэвэрхэн,тохилог хотод амьдрахын төлөө иргэн бүр чин сэтгэлээсээ өөрсдийн хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш