Бурхан дор мөргөмүү
Ном дор мөргөмүү
Багш дор мөргөмүү
Хосгүй нандин бүтээлүүдийг компьютерийн дэлгэцээс уншина
Өөрсдөө хөдсөн дээл өмсч, нялх үрсээ нэхийд өлгийдөж, ном судраа магнаг торгоор баринтаглаж, алт, мөнгө, эрдэнийн дээдээр үсэг бүрийг нь шигтгэн урладаг ард түмэн бол монголчууд. Ном, судраа бурхантай эн дүйцүүлэн шүтэж, нүүхэд ачаан дээрээ залж, дээд баян эрдэм ном хэмээн үр хойчдоо захиж үлдээсэн ард түмэн бас л монголчууд.
Тэгвэл шинэ цагийн өнгө төрхөд нийцүүлэн эртний ном, судруудыг цахим, тоон хэлбэрт шилжүүлэн, эрдэнэ болсон эх судруудыг нь элэгдэж үрэгдэхээс сэргийлэх, он цагийн эрхээр салбарч ноорсныг нь орчин үеийн аргаар засч тордох ажлуудыг Монголын Үндэсний номын санд эхлүүлээд байна.
Монголын үндэсний номын санд Монголын ном, бичгийн соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдан буй. Нөгөөтэйгүүр Үндэсний номын санг монгол үндэстний төдийгүй Төв Азийнтүүх, бичиг соёлын төвийн өлгий гэж үнэлдэг.
Гагцхүү олон зууныг элээсэн тэр үнэт нандин бүтээлүүд цор ганц хувиас гадна цагийн саалтад үзэж судлах хүний гарын ая даахад бэрх болжээ. Одоо тэгвэл орчин цагийн технологийн дэвшилд тулгуурлан цахим программ нэвтрүүлж хосгүй нандин ном судруудыг гараараа барьж бус компьютерийн дэлгэцнээс харж унших боломж бүрэн нээгдлээ. Ганцхан хувь ховор бүтээлийг хэн нэгний уншиж дуусахыг хүлээж, гар дамжуулан үнгэж элээх бус компьютерээс татан зэрэг зэрэг уншиж, бүр хэвлэж авах бололцоог бүрдүүлжээ.
Энэ боломж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүрдээд байна. Уг төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 800 гаруй сая төгрөг зарцуулжээ. Монголын үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд дижитал номын санг нээх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 1-нд болсон юм. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав, ном бичгийн эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.
Монголын бичиг, соёл бол Монголын ард түмнийг өнөөдөрт хүргэж авчирсан алтан аргамж
Дижитал номын санг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Номын сангийн нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимыг Үндэсний төв номын санд 2012 онд нээж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд уншлагын танхимыг яаж өргөжүүлж дэлхий нийтийн номын сангийн жишигт хүргэх вэ гэдэг талаар хүчин чармайлт гаргасны үр дүнд өнөөдөр баярт үйл явдал болж байна.
Шинэ зуун бол даяаршиж байгаа дэлхий ертөнц. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монголчуудын хувьд бусдаас ялгарах, ондооших, эрэмших, омогших зүйл бол эцсийн дүндээ монголчуудын хэл соёл, бичиг үсэг юм. Үндэсний номын санд монголчуудын соёлын асар их өв бий. Түүнээс гадна 50 мянга гаруй нэн ховор, ховордсон, ганцхан хувь ном судрууд, баримт бичгүүд байгаа юм. Соёлын энэ асар их өвийг монголчууд, эрдэмтэн судлаачид, сонирхсон гадна дотнын мэргэд уншиж судлая гэвэл өнөөдөр нээлтээ хийж байгаа дижитал номын сангийн технологийн ач буянаар шууд компьютерийн дэлгэцэн дээр татаж үзэх боломжийг бүрдүүллээ.
Өнөөдөр нээгдэж байгаа дижитал номын сан бол дэлхий нийтийн хөгжлийн жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг үзүүлж байгаа гайхамшигтай тоног төхөөрөмжтэй юм. Та бүхэн үүнийг үзэж хараад мэдрэх юм бол асар их бахархах сэтгэл төрнө. Хуучин ном үзэх гэж заавал шороо тоосонд дарагдах хэрэггүй. Хүссэн номоо компьютерээс татаж үзэх, нөгөө талаас ном судраа хамгаалах боломж бүрдсэн гээд их олон талын ач холбогдолтой юм. Энэ баярт ёслолд хүрэлцэн ирсэн номын садан, ах дүүс болсон та бүхэнд их баярлаж байна.
Монгол Улс бол үнэхээр сэргэн мандаж, сайн цаг ирж байна. Монголын бичиг соёл нэг хэсэг нүд үзүүрлэгдэж, захиргаадан халагдаж, өөр бичиг үсэг авч байсныг та бүхэн сайн мэднэ. Энэ 2013 ондМонголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн тэгш ой болж байна. Өнгөрсөн жил Их эзэн Чингис хааны 850 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй Монголын ард түмэн түүхэндээ соёмбо, тод үсгээс өгсүүлээд дөрвөлжин, босоо монгол бичиг гээд 10 гаруй бичиг үсгийг зохиож хэрэглэж ирсэн гайхамшигтай ард түмэн. Монголын бичиг, соёл бол Монголын ард түмнийг өнөөдөрт хүргэж авчирсан алтан аргамж, гагнаас гэж үздэг.
Өнөөдөр бид үндэснийхээ өв соёлыг ардчиллын ачаар сэргээхээс гадна дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр Үндэсний номын санг тоноглож тоон дижитал хэлбэрт оруулж байгаа нь Монгол Улс хөгжин дэвжих гараан дээрээ ирсний нотолгоо юм. Энд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлаж байна” гэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар тууз хайчилж, тэнд цугларагсад хурайлан ном, соёлын хур далласнаар дижитал номын сан эрдэмтэн мэргэдийн өмнө үүд хаалгаа нээлээ. Бас Монгол Улс монгол судлалын жинхэнэ төв болох эхлэл ч тавигдаж байгаа юм.
Үндэсний “Старсофт “ ХХК програм хангамжийг хийжээ
Дижитал номын сан нээх төслийн хүрээнд уншлагын танхимыг засаж тохижуулах, хяналтын камерын систем, ном хэвлэлийг сэргээн засварлах зориулалттай вакум ширээ, бэхжүүлдэг, аралдаг шилэн пресс, вакум машин, урагдаж тасарсан номын хуудсыг нөхөж сэлбэх машин, орчин үеийн хэвлэмэл номыг сканнердах ScanRobot 2.0, гар бичмэл, судар ботийг сканнердах BookEye 4, сонин газрын зураг сканнердах HD Contexзэрэг орчин үеийн дэвшилтэт гурван төрлийн сканнер, өндөр хүчин чадалтай сервер компьютерууд болон стореж сервер, бусад сүлжээний тоног төхөөрөмжүүд суурилуулж дижитал уншлагын танхимын системийг боловсруулан нэвтрүүлсэн байна. Уншигчидын соронзон туузат картыг IC картаар шинэчилж уншигчдад үйлчлэхэд бэлэн болжээ. Үндэсний “Старсофт “ ХХК програм хангамжийг хийсэн нь бахархмаар ажил болсон байна.
Өнөөдрийн байдлаар монгол судлалын сан хөмрөгөөс Монгол Ганжуур, шунхан барын Данжуур зэрэг 3000 гаруй монгол ном судар, газрын зураг, төвд сан хөмрөгөөс Жалзэтэмбан Ганжуурын 110 боть, Цал барын Ганжуурын 108 ботьбүхий таван төрлийн барын Ганжуур тэргүүтэй 2800 гаруй боть ном, нийт 5800 гаруй ном судрыг тоон системд оруулжээ.
Ном хэвлэл сэргээн засварлах лабораторид нэн тэргүүнд шаардлагатай байсан вакуумжуулах машин, шилэн пресс, зориулалтын сэргээн засварлах ширээ, нөхөлтийн машин зэрэг тоног төхөөрөмжийг Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын санал санаачилга, санхүүжилтээр авч, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах ажлыг хийж эхэлсэн нь сүйдэж алга болохын ирмэгт тулаад байсан ховор нандин ном судруудыг анх байсан төрхөнд нь оруулах боломжийг нээж өгчээ.
Монголчуудын үнэлж болшгүй нандин эрдэнэ болсон ном судруудыг ийнхүү цахим хэлбэрт шилжүүлснээр Монголынхоо өв соёлыг улам олон хүнд хил хязгааргүй тараан сурталчлах, үрэгдэж сүйдэж байгааг нь эх орондоо сэлбэн шинэчлэх бүрэн бололцоог нээлээ.