Төсөл санаачлагчид Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийг "Улсын Их Хурлын гишүүн нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.1, 13.3-т заасан намын байгууллагын гишүүн байна” гэж өөрчлөн найруулах, 13 дугаар зүйлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.8-д заасан намын орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүн байна" гэсэн хэсгийг нэмж оруулахаар төсөлдөө тусгажээ. Мөн төсөлд намын төв болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох маргааныг намын дүрэмд заасан намын хяналтын байгууллага өргөдөл, гомдол гаргаснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх, хэрэв намын хяналтын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн нь намын гишүүн, намын эрх бүхий албан тушаалтан, намын бусад байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай маргааныг шүүх шийдвэрлэхээр тусгасан байна.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүн Х,Тэмүүжин, Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Р.Гончигдорж, Ж.Батзандан нар төслийн үндсэн зарчмыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол гишүүн М.Энхболд, Л.Цог нар хэт улстөржих, намчирхах хандлага газар авсан энэ үед энэ төсөл нь ялангуяа иргэдийн төлөөллийн байгууллага байх ёстой орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг улстөржсөн байдал уруу татан оруулахад нэрмээс болж мэдэх юм гэж болгоомжилж буйгаа хэлж байв. Үг хэлсэн гишүүдийн олонх нь төсөлд байгаа намын дотоод асуудалтай холбоотой хэсгийг хасах нь зүйтэй, тэгэхгүй бол намын дотоод асуудлыг шүүх рүү аваачихад хүрч мэдэх юм гэсэн байр суурьтай байв.
Харин гишүүн Н.Батцэрэг нэгэнт Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг гараад ажиллаж байгаа тул энэ төслийг ажлын хэсэгт шилжүүлж, хэлэлцүүлгийг хойшлуулъя гэсэн горимын санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг дэмжсэн нөхцөлд ажлын хэсэг гаргаж төслийн зарим заалтыг нухацтай авч үзэх нь зүйтэй гэж тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.