УИХ-ын намрын чуулганы завсарлагын хугацаанд байнгын хорооноос хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байнгын хорооны ажлын хэсэг МОҮНРТ-д зарим хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцсан байна. Ажлын хэсгээс гаргасан илтгэх хуудас, дүгнэлтэд олон нийтийн радио, телевизэд нэвтрүүлэгт нөлөөлөх гэсэн оролдлого арилаагүй, тус байгууллагын үйл ажиллагааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар далд сурталчилгаа буурахгүй байгаа, түүнчлэн өөрийн бие дааж бэлтгэсэн нэвтрүүлгийн хэмжээ өмнөх оныхоос буурсан атлаа ивээн тэтгэгчийн зардлаар хийсэн нэвтрүүлэг өссөн, удирдлагын бүтэц нүсэр, хэт төвлөрсөн байдалтай байгааг дурдсан байна.
Ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, олон нийтийн радио, телевизэд хараат бус байдлын талаархи хуулийн заалтын хэрэгжилт бүрэн хангалттай биш байна гэж ажлын хэсэг үзсэн. Ялангуяа олон нийтийн Үндэсний зөвлөл нь ерөнхий захирлаасаа хараат байгаа нь ноцтой асуудал юм. Иймээс зөвлөлийн статусыг тодорхой болгох ёстой. Энэ байгууллагы тухайд радио, телевиз, Үндэсний зөвлөл нь бүгдээрээ ганцхан хүний гарт төвлөрсөн байна. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, бас Үндэсний зөвлөл нь санаачлага муутай ажиллаж байгаатай холбоотой юм гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн Р.Бурмаа “Үндэсний зөвлөл хуулинд байхгүй гэдгээр шалтаглан санаачлагагүй ажиллаж байна. Гэтэл тэдэнд их боломж бий. Уг нь ажлын хэсэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ёстой байсан юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүн С.Дэмбэрэл ч ийм бодолтой байгаагаа хэлэв. Ажлын хэсгийн санал дүгнэлт, байнгын хорооноос олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, менежментийн багийн удирдлагад өгөх зөвлөмжийн төсөлтэй холбогдуулан Г.Батхүү, Ж.Батзандан, Су.Батболд, М.Энхболд, Л.Цог, С.Баярцогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ.
Ингээд байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр тогтов. Уг зөвлөмжид Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, Үндэсний зөвлөл, телевиз, радио, редакци, уран бүтээлчдийн хараат бусаар ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангахад гол бодлогоо чиглүүлэх, удирдлагын төвлөрсөн бүтцийг өөрчилж нэгжүүдэд хүний нөөцийн удирдлагыг сайжруулж уран бүтээлчдийн ажлыг дүгнэх, урамшуулах эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, үйлчилгээний хураамжийн хэмжээг өнөөгийн бодит нөхцөлтэй уялдуулан өөрчлөх санал боловсруулж холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, төсөв, санхүү, техник хангамжийн шинэчлэлийн талаархи саналаа боловсруулж тавих зэрэг асуудлыг тусгаж, хэрэгжилтийг энэ оны дөрөвдүгээр улиралд байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болов.
Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.