Монгол Улсад албан ёсоор айлчилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Карел Шварценбергтай Гадаад харилцааны сайд Л.Болд уулзаж, хоёр талын харилцааны болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар хэлэлцээ хийв.
Талууд Монгол, Чехийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Чехэд төгссөн монгол оюутнуудын хувь нэмэр чухал болохыг онцлон, Монгол Улсын хөдөө аж ахуй, уул уурхай, усны менежмент зэрэг салбарт үйлдвэр байгуулах буюу төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Энэ зорилгоор хоёр талын хувийн хэвшил хоорондын харилцааг эрчимжүүлэн, бизнес төлөөлөгчдийн солилцоог хөхиүлэн дэмжихийн чухлыг мөн тэмдэглэлээ. Тэрбээр дагалдан ирсэн 20 гаруй бизнес эрхлэгчдийнхээ хамт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон “Чехийн өдөр”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.