logo
Хохирлыг барагдуулах хөрөнгийн асуудлыг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэхээр тогтов

Хохирлыг барагдуулах хөрөнгийн асуудлыг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэхээр тогтов

2013/05/02
Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, С.Баярцогт, Ц.Оюунбаатар нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд энэ үндсэн чиглэлийн биелэлтэд зуун хувь биелсэн гэж байх юм, энэ нь Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг хэлсэн байгаа нь утгагүй санагдаж байна. Тоогоор илэрхийлж болох, тоолж болох зүйлүүдийг энд оруулах хэрэгтэй гэв. Мөн З.Энхболд, С.Баярцогт нар Үндсэн чиглэлийг жил болгон хэлэлцдэг асуудлыг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өөрчлөх хэрэгтэй байна, мөн эдийн засгийн бусад хөтөлбөр, баримт бичигтэй уялддаггүй талаар саналаа илэрхийллээ.

   Дараа нь “Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед гишүүн Ж.Батзандан, С.Баярцогт, Ц.Оюунбаатар нар хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгах, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар зарим хуулийн төслийг өргөн мэдүүлэх хугацааг наашлуулах, гишүүн С.Баярцогт эдийн засгийн шинэчлэлийн зарим гол хуулиуд нь тусгагдаагүй, зарим хуулийн төслийн нэр, зохицуулах асуудал нь ойлгомжгүй байгааг анхаарах, хавсралтад тусгасан хууль, тогтоолын төслүүдийг үйл ажиллагааных нь чиглэлээр нь ангилах, гишүүн Ж.Батзандан одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоолыг бүхэлд нягтлан үзэж, хуулийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг санал гаргалаа.

   Мөн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгө нь улсын төсөвтэй хэрхэн нийцэх талаар нарийвчлан авч үзэх нь зүйтэй тул Төсвийн байнгын хороотой хамтран үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гарсныг гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Төсвийн байнгын хороотой хамтран дахин үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш