Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны А-132 тоот тушаалаар Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай хориглолоо.
1952 онд Зүүн Хараа өртөөнд байгуулагдсан Улаанбаатар төмөр замын харъяа мод боловсруулах үйлдвэр нь өнөөг хүртэл төмөр замын хэрэгцээнд зориулан 2.1 сая шахам шоометр хэрэглээний модыг ойн сангаас бэлтгэн, 7.0 сая гаруй модон дэр үйлдвэрлэжээ.
Сүүлийн 3 жилийн хугацаанд 69.13 орчим мянган шоометр хэрэглээний модыг үндсэн ашиглалтын огтлолтоор бэлтгэсэн нь нийт улсын хэмжээнд үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэсэн модны 29.4 хувь болж байна.
Зөвхөн судалгаа явуулсан 2006 онд гэхэд 21.0 мян. шоометр модноос нийтдээ 12739 м3 нь хаягдал болж, дахин гүн боловсруулалтанд ороогүй байна. Энэ нь нас гүйцсэн 100 орчим га ойн талбай гэсэн үг юм.
УБТЗ-ын Аж ахуйн албанаас авсан судалгаагаар гол болон өртөөний замуудад нийлээд 3721820 ширхэг дэр тавигдсан байдаг бөгөөд төмөр замын их болон урсгал засвар хийхэд жилд нийтдээ 254800 ширхэг төмөр бетон болон модон дэр шаардлагатай байдаг аж.
Төмөр замын дэр модны хэрэгцээг багасгах зорилгоор 1997 онд Хөтөлд төмөр бетон дэрний үйлдвэрийг Хятадын төмөр замын оролцоотойгоор байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд 2006 онд ОХУ-ын технологиор шинэчлэн жилийн үйлдвэрлэх хүчин чадлыг 216000 ширхэгт хүргэжээ. Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллан, ОХУ-аас төмөр бетон дэр нийлүүлж байгаа тохиолдолд модон дэр хэрэглэлгүйгээр жилийн хэрэглээг хангах, хэрэв зайлшгүй модон дэр шаардлагатай тохиолдолд ОХУ-аас импортоор оруулах бүрэн боломжтой юм.
Энэ бүхнийг үндэслэн БОНХ-ийн Сайд төмөр замын дэр модыг ойгоос бэлтгэхийг 5 жилээр хориглосон тушаал гаргав.
Ер нь БОНХЯ “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” болон ногоон хөгжлийн бодлогын дагуу ойн үндсэн ашиглалтын огтлолыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлэхээр мод орлох технологи нэвтрүүлэхийг дэмжиж, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж түлшний асуудлыг цогц байдлаар шийдэх, мод, модон бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Мэдээллийг бэлтгэсэн: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА