Сан-Франциско дахь Ерөнхий консул Н.Анхбаяр, дэд консул Б.Болд нар консулын тойргийн Юта мужид 4 дүгээр сарын 28-30-нд ажиллав. Энэ үеэр Юта мужийн Дэд захирагч Грег Беллтэй уулзаж, Монгол Улс болон мужийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хамтран ажиллах салбар, бололцооны ярилцав.
Ерөнхий консул Н.Анхбаяр хоёр тал боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхай болон аялал жуулчлалын салбарт түлхүүтэй хамтран ажиллах боломж байгааг дурдаж, тухайн мужид ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахыг хүсэв. Манай талаас дэвшүүлсэн саналуудыг ажил хэрэг болгоход мужийн зүгээс шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж, хамтран ажиллахаа Дэд захирагч Грег Белл илэрхийлэв.
Рио Тинто компанийн харьяа "Кеннекотт Юта Коппер" зэсийн уурхайн үйл ажиллагаатай танилцав. Тус уурхай нь Давст нуур (Salt Lake)-ын хөндийд олборлолт хийж эхлээд 109 жил болж буй бөгөөд Юта мужийн эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийнхээ хэмжээгээр хувийн хэвшлүүд дундаа эхний байранд ордог аж.
Дээрх албаны уулзалтаас гадна ням гаригт тус мужид ажиллаж, амьдарч буй иргэддээ төрсний, гэрлэсний зэрэг иргэний бүртгэлийн, нотариатын, шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэхний материал хүлээж авах, гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах зэрэг консулын үйлчилгээ үзүүлэв.