logo
Б.Болор: Утасны дугаараараа барьцаалагддагийг халах цаг ирчихээд байна

Б.Болор: Утасны дугаараараа барьцаалагддагийг халах цаг ирчихээд байна

2013/05/03
УИХ-ын гишүүн Б.Бо­лорыг “Ярилцах танхим”-даа урьж, үүрэн телефоны операторуудын үйлчилгээг одоо байгаагаас нь сайжруулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах боломж байгаа талаар сонир­холтой ярилцлага өрнүүлсэн юм.
 
-Та сүүлийн үед үүрэн телефоны операторуудын үйлчилгээний талаар нэлээд шүүмжлэл гаргах болсон. Ямар учраас тэр вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны оператор ком­паниуд хэрэглэгчдээ үйлчилгээний чанар, цар хү-рээгээрээ аргамжихын оронд барьж байгаа дугаараар нь барьцаалдаг гэхэд болно. Энэ хэрээр нь оператор компаниудын дунд ямар нэгэн өрсөлдөөн гарахгүй, үнэ буурахгүй байна шүү дээ. Манай улсад гар утас барьдаггүй хүн байхгүй.
Монголчуудын гар утасныхаа төлбөрт төлж байгаа сарын төлбөрийг бусад орныхтой харьцуулаад үзэхэд маш өндөр гарч байгаа юм. Тухайлбал, хэрэглээ өндөртэй гэгддэг орнуудын иргэдийн авч байгаа дундаж цалинтай харьцуулахад манай улсын иргэдийн дундаж цалин хэд дахин бага атлаа гар утасныхаа төлбөрт төлж байгаа сарын төлбөр нь дээрх орны иргэдийнхээс хэд дахин илүү байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд гар утсыг хэтэрхий өндөр өртгөөр хэрэглэж байгаа юм. Тиймээс би үүрэн телефоны операторуудын үйлчилгээний чанарыг сайжруулж, тэдний дунд өрсөлдөөн бий болгон, Европын орнуудад нэвтрүүлээд удаж байгаа үйлчилгээг нэвтрүүлбэл ямар вэ гэж байгаа юм.

-Ямар үйчилгээний талаар ярьж байгаа тань гар утас хэрэглэдэг хүн бүрт сонин байгаа байх?

-Өнөөдөр манай улсад үүрэн телефоны хэрэглэгчид оператор компаниа солихоор шийдсэн үедээ шинэ гар утас, шинэ дугаар авахаас өөр аргагүй байдалд ордог. Үүнээс болоод гар утас хэрэглэснийхээ төлөө өндөр төлбөрт унаж байх жишээтэй. Гэтэл энэ асуудлыг Европын орнуудад  маш хял­бархнаар шийдсэн байдаг юм. Үүрэн телефоны хэрэглэгчид оператор компаниа солихдоо өөрийн дугаарыг тухайн сонгосон оператор компани руугаа шилжүүлэх боломжтой байдаг. Ямар ч асуудалгүй. Өөрөөр хэлбэл, тухайн дугаарыг өмчлөгч нь өөрийн хүссэнээрээ ашиглах эрхтэй байдаг гэсэн үг.

-Манай улсад ийм боломж бий юм уу. Оператор компаниудын дунд дугаараа шилжүүлж хэрэглэх эрхтэй боллоо гэхэд дугаарууд нь хоорондоо ялгаатай тоогоор эхэлдэг шүү дээ?

-Боломж байлгүй яах вэ. Техникийн хувьд энэ маш амархан зүйл. Бусад улсад болж байгаа юм чинь монголд болохгүй гэсэн асуудал байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлыг шийдэх боломжтой. Гар утасны бүх дугаарын өмнө ямар нэгэн орон нэмэхэд л хангалттай. Би Бельги улсад олон жил суралцсан. Тухайлбал, тэнд гар утасных нь бүх дугаар 04-өөр эхэлдэг байх жишээтэй. Ийм байхад тухайн хэрэглэгч ямар үүрэн телефоны оператор компанийн хэрэглэгч гэдэг нь хэнд ч мэдэгдэхгүй. Хэрэв энэ үйлчилгээг нэвтрүүлчихвэл манайхан олон жил хэрэглэсэн ч юм уу өөрийн дуртай дугаараа солихгүйгээр өөрт нь таалагдсан оператор компанийнхаа үйлчилгээг сонгоод явах боломжтой болно шүү дээ. Би ингэж ярьж байгаагаараа өөрийгөө бодсондоо биш шүү дээ. Нийт хэрэглэгчдийг л аль болох амар хялбараар үүрэн телефоны оператор компаниудын үйлчилгээг хүртэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж, нэг ч гэсэн асуудлаасаа салаасай гэж бодсоных юм.

-Ингэхэд та ямар оператор компаниар үйлчлүүлдэг юм бэ. Нууц биш бол дугаарынхаа эхний дөрвөн оронг хэлээч?

-Би “Мобиком”-ын үйлч­лүүлэгч. 9911-тэй дугаар барьдаг. Энэ дугаарыг би 15 жил барьж байна. Монголд анх нэг компани монополь эрхтэйгээр үүрэн телефоны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед нь дугаар авчихсан хүмүүс өнөөдөр дугаараа сольж чадахгүйгээсээ болоод барьцаалагдаж байгаа тохиолдол маш олон бий. Тухайн компани нь ч гэсэн хуучин хэрэглэгчдээ дугаараар нь барьцаалчихаад санаа амар байж байдаг. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад өнөөдөр 9911-тэй дугаар 30 сая төгрөгт хүрчихсэн байхад 9585-тай дугаар 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гэсэн атлаа энэ хоёр дугаарт үзүүлэх үйлчилгээний  үнэ нь яг л адилхан байдаг шүү дээ. Ингэж дугаартаа барьцаалагдчихсан Монголын хэрэглэгчдийн зарим нь өнөөдөр дөрвөн утастай явж байна шүү дээ. Энэ чинь тухайн хэрэглэгч санхүү цаашлаад эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй биз дээ. Монголоос өөр хаана ч ийм асуудал байхгүй.

-“Дугаарууд үнэд хүрч байна, нэг хүн олон утастай байна” гэлээ. Энэ бүх асуудлыг хэрэглэгчид өөрсдөө бий болгоод байгаа юм биш үү. Монголчуудыг юу ч үгүй байж хэрэглээ өндөртэй хүмүүс гэдэг байх аа?

-Үүрэн телефоны оператор компаниуд сэтгэхүйгээр тоголохын хэрээр үйлчүүлэгчид нь түүнд нь автаад байгаа юм. Тухайлбал, “таны дугаар нэр төрийн баталгаа” л гэх юм. Дугаараар нь хүнийг ялгана гэж юу байх вэ дээ. Энэ чинь хүний эрхэнд халдаж байгаа асуудал. 9911-тэй дугаар барьснаараа ямар нэгэн илүү үйлчилгээ авдаггүй. Бусадтай л ижилхэн төлбөр төлдөг.

-Тэгвэл та яагаад 11-тэй дугаар барьдаг юм бэ?

-Би энэ дугаарыг 15 жил барьж байгаа гэдгээ хэлсэн. Анх гарч ирж байхад нь авсан юм. Миний бүх танилууд энэхүү дугаарыг маань мэддэг. Энэ чинь л нөгөө барьцаалагдаад байна гэдэг асуудлын тод жишээ гэж хэлмээр байна. Түүнээс биш би дугаараа 30 сая төгрөгөөр худалдаж аваагүй юм шүү. Над шиг дугаараараа барьцаалагдчихсан маш олон хүн байдаг юм билээ. Намайг дээрх санаачилгыг гаргахад маш олон хүн надтай санал нэгдсэн. УИХ-ын ихэнх гишүүн ч санал нэг байгаа. Тиймээс би гаргасан саналаа ажил хэрэг болтол нь явна гэдгээ хэлмээр байна.

-Тэгэхээр та үүрэн телефоны оператор компаниуд хуучин хэрэглэгчдээ хайхардаггүй гэж хэлэх гээд байна уу?

-Тодорхой хэмжээнд ашигласан жилийн урамшуулал гэсэн зүйл байдаг л даа. Гэхдээ хуучин хэрэглэгчдээ дугаараар нь барьцаалчихсан тэднийг алдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа учир шинэ хэрэглэгчид рүү гол анхаарлаа хандуулдаг байх. Шинээр хэрэг­лэгч татахын тулд маш их хөнгөлөлт, урамшууллыг зарладаг. Тухайлбал, би өөрийнхөө дугаарыг 15 жил барьчихсан. Энэ дугаараа шилжүүлж чадахгүй учир ямар нэгэн урамшуулал гэж ярьдаггүй. Гэтэл манайхаас өөр улсад үнэнч хэрэглэгч нартаа байнга хөнгөлөлт, урамшуулал эдлүүлдэг байх жишээтэй. Хэрэв бид өөр оператор руу дугаараа аваад шилжих боломжтой болчихвол энэ нөхөд биднийг алдахгүйн тулд өрсөлдөж эхэлнэ шүү дээ. Өрсөлдөөн бий болох тусам хэрэглэгчдэд таатай нөхцөл байдал үүснэ. Ингэлээ гээд үүрэн телефоны оператор компаниуд ашиггүй болчихно гэж байхгүй. Ашигтай ажилладагаараа ажиллана. Харин ч үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, сүлжээгээ тэлэх шаардлага гарна. Нууцгүй хэлэхэд өнөөдөр үүрэн телефоны оператор зарим компани ашиггүй гэсэн газарт сүлжээгээ татахгүй байгаа шүү дээ.

-Та энэ бүхнийгээ тодорхой жишээн дээр тайлбарлахгүй юу?

-Тэр компаниудынх нь нэрийг энд дурьдаад яах вэ гэж бодож байна. Би Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Миний төрсөн нутагт л гэхэд хоёрхон л компанийн сүлжээ барьдаг байх жишээтэй. Бусад хоёр компанийнх нь сүлжээ тэнд огт барьдаггүй. Төрөлх сумандаа ажиллахаар сургуулиа төгсөөд ирж байгаа оюутнууд заавал шинэ дугаар, шинэ утас авч байх жишээтэй. Энэ чинь дахиад л нөгөө хоёр, гурван утастай явахаас өөр аргагүй байдлыг үүсгэчихаж байгаа юм. Энэ байдлыг л өөрчлөх ёстой гэж үзээд байгаа юм.

-Нэлээд эсэргүүцэлтэй тул­гарах байх даа?

-Тэр бол мэдээжийн асуудал гэж бодож байгаа. Энэ саналаа би өөрийн цахим хуудаст байршуулахад маш олон хүн дэмжсэн байна билээ. Энэ бүхнээс маш их урам зориг авч байгаа. Цаашид зорьсон зорилгодоо хүрч, иргэдийнхээ ачаанаас нэгийг нь ч гэсэн хөнгөлөхийн төлөө хичээнэ. Надтай зорилго нэгтэй байгаа УИХ-ын гишүүд байгаа. Тиймээс энэ бүхнийг бий болгохын тулд нэлээд цаг хугацаа хэрэгтэй байсан ч шантралгүй ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
 
Р.Сарангоо
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш