Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах СЕХ, ГХЯ-ны хамтарсан комисс байгуулагдан ажлаа эхэллээ.
Тус комиссоос мэдээлснээр, гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар боллоо.
Энэ хүрээнд, гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдах юм.
Сонгуульд саналаа өгөх хүмүүс иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан гадаадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг үргэлжлүүлэн хийж байна.