Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Монголын оюутны спортын холбоо, Спортын бэлтгэлийн төв, Спортын холбоод, их, дээд сургуулиудтай хамтран Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр 2013 оны 1 сараас эхлэн улс орон даяар 3 үе шаттайгаар амжилттай явагдаж байгаа билээ. Одоогоор нийслэл, хөдөө орон нутгийн 62 их, дээд сургууль, коллежийн 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Универсиад наадмын цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жудо, чөлөөт бөх, бокс, гандбол, аэробик, ширээний теннис, заалны хөл бөмбөг зэрэг 12 спортын төрлийн тэмцээнд оролцоод байна.
Түүнчлэн тус их наадмын хүрээнд гадаадад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Ази, Европын бүсийн тэмцээнүүдийг спортын 3-н төрлөөр Бээжин, Москва хотноо зохион байгуулж 600 орчим оюутан тамирчид оролцжээ. Тэмцээнийг Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан.
Универсиад наадмын модон бөмбөгийн тэмцээн 5 сарын 3-5-ны өдрүүдэд Гачуурт дахь Монгол шилтгээн цогцолборын модон бөмбөгийн талбайд явагдана. Тэмцээнд хөдөө орон нутгаас Архангай аймаг дахь МУБИС, Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн баг тамирчид өрсөлдөх юм.
Харин спорт аялалын тэмцээн 5 сарын 3-ны өдөр Спортын төв ордноос хөдлөн Хар усан тохойн чиглэлд аялах юм. Тэмцээнийг Адал явдалт спорт аялалын холбоотой хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хөнгөн атлетикийн тэмцээн 5 сарын 10-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.