logo
Шинэчлэлийн ЗГ-аас хэрэгжүүлж эхэлсэн ажлын хүрээнд “Сум” төслийн Ажлын хэсэг эхний үр дүнгээ тайлагналаа

Шинэчлэлийн ЗГ-аас хэрэгжүүлж эхэлсэн ажлын хүрээнд “Сум” төслийн Ажлын хэсэг эхний үр дүнгээ тайлагналаа

2013/05/03
Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан тушаалаар яамдын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдээс бүрдсэн 222 хүний бүрэлдэхүүнтэй 28 ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 38 суурин, хилийн боомтод 2013 оны 3 дугаар сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаанд ажиллаад иржээ. Энэ ажилд аймгуудын ЗДТГ-аас 112 мэргэжилтэн хүч нэмэн оролцсон байна. 

Багийн ахлагч нар өнгөрсөн хугацаанд орон нутаг болон УБ хотод ажилласан ажлынхаа нэгдсэн тайланг холбогдох сайд нар, яамдын удирдлагууддаа танилцуулах уулзалт 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 18.00 цагаас Эдийн засгийн хөгжлийн яамны хурлын танхимд боллоо.

Сум төслийн хүрээнд цаашдын бодлого төлөвлөлтөд нэн шаардлагатай Монгол Улсын 21 аймаг, 330 сумын талаархи иж бүрэн мэдээллийн санг анх удаа бүрдүүлж, цуглуулсан мэдээ материалдаа дүн шинжилгээ боловсруулалт хийх ажил явагдаж байгаа аж. Тухайлбал:

-       Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар Төсвийн ерөнхийлөн захирагчид болон УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгаас ЭЗХЯ-нд өмнө ирүүлсэн байсан нийт 7200 төсөл, арга хэмжээний саналтай газар дээр нь танилцаж, сумын иргэдээр ач холбогдлоор нь эрэмблүүлсэн байна. Түүнчлэн тухайн сумын иргэд энэхүү жагсаалтад багтаагүй байсан, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нэмж тусгах шаардлагатай гэсэн 3000 гаруй төслийн саналыг нэмж гаргажээ. Эдгээр төсөл арга хэмжээг ямар хугацаанд, ямар зарчим, дарааллаар хэрэгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцэж байгаа эсэх талаархи саналыг холбогдох яамд хамтран боловсруулж байгаа юм байна.

-       Ажлын хэсгүүд төрийн болон орон нутгийн өмчийн нийт 10 мянга гаруй барилга, байгууламж болоод тэдгээрийн инженерийн хангамж (цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээ)-тай холбоотой объектуудтай нэг бүрчлэн танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг фото зургийн хамт газар дээр нь баримтжуулж нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн байна. Энэхүү сангийн мэдээлэлдээ тулгуурлаж ирэх жилүүдэд засварлах, шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа барилга объектуудыг олон үзүүлэлтээр харьцуулах, зураг төсвийг нэгдсэн байдлаар хийж, өртөг зардлыг бууруулах, ээлж дарааллыг тогтооход дэвшил гарна гэж үзэж байна. Энэ чиглэлээр ЗГХЭГ, ЭЗХЯ, БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ССАЖЯ, БОНХЯ, ХЗЯ, ЭХЯ, СЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулах саналыг ажлын хэсэг гаргалаа.

-       Төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 46.0 мянга гаруй ЖДҮ эрхлэгчид, аж ахуйн нэгжийн талаархи мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн бөгөөд 10 мянга орчмынх нь үйл ажиллагаатай ажлын хэсэг газар дээр нь танилцаж энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлоод байна. Цаашид хөдөө орон нутагт 16.0 мянган ЖДҮ байгуулах хэрэгцээ байгаа гэсэн саналыг иргэд, сумын удирдлагууд гаргажээ. Үйлдвэржүүлэлтийн чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаарх саналыг ЭЗХЯ, ҮХААЯ, ХЯ хамтран боловсруулж байгаа аж.

-       Түүнчлэн төслийн хүрээнд нийт 330 сумын түүх, байгалийн нөхцөл нөөц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, нийгэм, соёл, шашны байгууллагуудын судалгаа, сумын өвөрмөц онцлог, брэнд бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй танилцуулга болон бусад олон төрлийн мэдээллийн томоохон баазыг бүрдүүлээд байгаа юм байна.

Сум төслийн эхний шатны ажлын тайлан, холбогдох танилцуулгатай сайд нар танилцаад энэхүү ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх мэргэжилтнүүдэд баяр хүргэлээ.

Төслийн эхний шатны ажлын үр дүнг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулж, 2014-2016 оны Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан боловсруулж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж уулзалтаас шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш