Та бүхэнд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр” гэсэн манай салбарын хоёр том үйл явдал тохиож буй Тавдугаар сарын мэндийг дэвшүүлье!
Дээрх хоёр чухал тэмдэглэлт өдрүүд “Монголын Сайтын Холбоо” ТББ-ын гишүүн сайтуудын үйл ажиллагаа, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой билээ. Бид өнөөдөр мэдээллийн технологийн тусламжтайгаар сэтгүүлзүйн уламжлалт төрлүүдийг нэгтгэн уусгаж, нийлүүлсэн цоо шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.
92 жилийн түүхтэй Монголын Харилцаа холбооны салбар, дэлхий даяараа Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан нэгдэж тэмдэглээд 20 жил болж байгаа сэтгүүлзүйн салбарын нэгэн онцлог, нэн шинэ хандлага болсон вэбсайтуудын орчинд өнөөдөр хийх зүйл их бий. Ная гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын Холбоо” ТББ-ын бодлого, үйл ажиллагаа, гишүүд рүүгээ чиглэсэн идэвхтэй оролцоо нь энэ бүхэнд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт миний бие итгэлтэй байна.
Долоон буудлын Долгор эмээгийн эрүүл, амьд явах эрхийг хамгаалан өдөр бүр үгээ хэлж, бичдэг сэтгүүлчид жилийн 365 хоногийн ганц өдөр ч болов өөрийнхөө эрхийн тухай ярих боломжтой байгаад би олзуурхдаг билээ. “Safe to speak” буюу “Үг хэлэх эрхээ хамгаалах” уриан дор болж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Монголын Сайтын Холбоо” ТББ Монгол улсын цахим ертөнцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн гавьяа байгуулсан байгууллага, хувь хүмүүсийг алдаршуулах “WWW” тэргүүн дээд одонг анх удаа гардуулж, онлайн сэтгүүлзүйн хөгжилд авьяас хөдөлмөрөө зориулж яваа шилдэг сэтгүүлчдээ “Цахим эрх чөлөө”-ний эздээр тодруулж, цахим орон зайд монголчууддаа мэдлэг, мэдээлэл түгээж, соён гэгээрүүлж яваа улстөр, нийгэм соёлын зүтгэлтнүүд, иргэдээс “Цахим элч”-ийг өргөмжилж байна. “Сайхан сэтгэгдэл санааны уг руу, муухай сэтгэгдэл хогийн сав руу”, “Уншигчдаа хүндэтгэе!” аянуудыг зарлаж хэрэглэгчдэдээ бэлэг барилаа. Ахмад сэтгүүлчдийн бүтээлээр цуврал товхимол бэлдэж эхний ботийг хэвлүүлэх зэргээр олон ажлыг зохион байгууллаа.
Харилцаа холбооны салбарын хөгжилд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй вэбсайтуудын оролцоо их боллоо. Мэдээллийн технологийн дэлхийн үсрэнгүй хөгжилтэй улс орноо, монголчуудыгаа хөл нийлүүлэн алхуулахын тулд манай гишүүн сайтууд олон шинэ гайхалтай үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ бүхнээ нийтэд хүргэхээр “Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” “ICT expo-2013” үзэсгэлэнд “Монголын Сайтын Холбоо”-ны гишүүн сайтууд оролцож байна. Бид ардчилсан Монгол улсыг “Мэдээлэлжсэн нийгэм” болон хөгжихөд, шинэ монголчуудын шинэ амьдралын хэв маягийг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэж, тэргүүн фронтод явж буй гавьяатай ажил үйлсийн эзэд гэдгээрээ бахархаж байна.
Хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан үгээ хэлж, үзэл бодлоо нэгтгэж буй нийт сэтгүүлч нөхдийнхөө өмнөөс, мэдээлэлжсэн нийгмийг бүтээхэд оюун бодол, авьяас билгээ дайчилж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээ төлөөлж “Бид “ХУРДТАЙ, ХАМГААЛАЛТТАЙ, ХӨГЖИНГҮЙ ТЕХНОЛОГИ” бүхий вэбсайтуудаараа “ХАРИУЦЛАГАТАЙ, ХАРААТ БУС, ХАМГИЙН БОДИТ МЭДЭЭЛЭЛ”-ийг хэрэглэгчдэдээ хүргэж ажиллах болно” гэдгээ илэрхийлье.
Мэдээлэлжсэн нийгэмд оршин буй Та манай вэбсайтуудын байнгын зочин нь байгаарай, бид Таны өнөөдрийг хамтдаа эхлүүлж, маргаашийг хамтдаа бүтээлцэхдээ үргэлж баяртай байх болно.
Хүндэтгэсэн,
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ЖАРГАЛСАЙХАН