logo
Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх орчны эрүүл мэндийн стандартын төслийг хэлэлцлээ

Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх орчны эрүүл мэндийн стандартын төслийг хэлэлцлээ

2013/05/03

Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх орчны эрүүл мэндийн стандартын төсөл хэлэлцүүлэх уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд боллоо.

Уулзалтад Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудаас нийт 30 орчим хүн оролцов.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл мэндийн байдлыг 2012 онд үнэлсэн тайлангаас үзэхэд, үнэлгээнд хамрагдсан 244 сумдын 27%-д эмнэлгийн барилгын халаалтын систем хангалтгүй ажилладаг байна. Нийт сумдын эмнэлгүүдийн 71% нь зөвхөн гадаа, 5% нь дотор, 25% (59) нь гадаа болон дотор бие засах газартай, эмнэлгүүдийн 6.3% (13) нь бохир усны нүхгүй, эрүүл мэндийн төвүүдийн 67.1% нь жорлонгийнхоо хажууд гарын угаалтуургүй байна. Мөн үнэлгээнд хамрагдсан сумдын 85.3% (203) нь шатаах зууханд, 7.6% нь бусад аргаар эмнэлгийн гаралтай хог хаягдлаа устгаж байна.

Дээрхи байдлаас үзэхэд эрүүл мэндийн байгууллагуудад орчны эрүүл мэндийн нөхцөл хангалтгүй түвшинд байгаа нь харагдаж байна.

Иймд ДЭМБ-ын Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх орчны эрүүл мэндийн нэн шаардлагатай стандарт, гарын авлагын ашиглан өөрийн орны хэрэгцээнд нийцсэн стандартыг боловсруулж, мөрдүүлэх шаардлага тавигдаж байна. Тухайлбал:

-Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, халаалт салхивч зэрэг инженерийн байгууламж

-Усны чанар, аюулгүй байдал, хүртээмж

-Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, шингэн хог хаягдал зайлуулалт

-Хатуу хог хаягдлын цуглуулалт зайлуулалт

-Цэвэрлэгээ халдваргүйтгэл, шавжгүйтгэл, мэрэгчгүйтгэл

-Хоол хүнсний аюулгүй байдал зэрэг үндсэн бүлгүүдээр орчны эрүүл мэндийн стандарт боловсруулах юм.

Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх орчны эрүүл мэндийн стандарт батлагдсанаар эрүүл мэндийн байгууллагын орны эрүүл мэндийн нөхцөл дээшилж, эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон үйлчлүүлэгчдийн ажлын байр, үйлчлүүлж буй орчин нөхцөл халдвар хамгааллын дэглэм сайжрах юм. Хэлэлцүүлэг тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд оролцогчид бүлгээр ажиллаж уг стандартад тусгуулах санал, зөвлөмжөө хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш