logo
370 шүүгч зөвлөлджээ

370 шүүгч зөвлөлджээ

2013/05/03
Манай улсын шүүгчдийн Нэгдсэн зөвлөгөөн өчигдөр болж, Нийслэл, дүүрэг, аймаг, сум, сум дунд, Захиргааны хэргийн шүүхийн нийт 370 шүүгч оролцжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүдийн нэрийг дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, Ерөнхий зөвлөлийн гишүүнд Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн төвийн эрхлэгч Норлоогийн Эрдэнэцогт нар олонхийн санал авсан. Өчигдөр болсон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд 100 шүүгч оролцсоноос Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дамдинсүрэнгийн Дамдин-Од 58 хувь, анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд 270 шүүгч оролцсоноос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг 53 хувийн саналыг тус тус авсан.

Мөн Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлэх юм.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гавьяат хуульч Дуламын Пунцаг нийт шүүгчдийн 74 хувь, анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гавьяат хуульч, Оюуны өмчийн газрын дарга Намжилын Чинбат 96,3 хувийн саналыг тус тус авсан байна.  Дээрх нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон Ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш