logo
Үндэсний номын санд дэлхийн жишигт нийцсэн дижитал үйлчилгээ нэвтрүүллээ

Үндэсний номын санд дэлхийн жишигт нийцсэн дижитал үйлчилгээ нэвтрүүллээ

2013/05/06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Үндэсний номын сангийн “Ерөнхийлөгчийн нэрэмжит” эрдэм шинжилгээний уншлагын танхимын үйлчилгээг орчин үеийн жишигт хүргэж, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ном хэвлэлийг тоон хэлбэрт шилжүүлэх зорилгоор дижитал уншлагын системийг нэвтрүүллээ. Дижитал үйлчилгээний нээлтийн ёслол өнөөдөр 11 цагт болж, ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, дэд дарга Ч.Сайнбилэг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав, ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав тэргүүтэй төр засгийн зүтгэлтэн, эрдэмтэн зохиолчид оролцлоо.
Үндэсний номын санд дэлхийн жишигт нийцсэн тоон үйлчилгээ нэвтрүүлэн, монгол түмний оюуны үнэт дурсгалуудыг дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлж, орчин үеийн технологийн ололтод тулгуурлан олон нийтэд хүргэж буй энэ явдал монголын номын сан, ном соёлын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал, номын сангийн үйлчилгээ тоон хэлбэрт шилжих томоохон алхам, хөрөнгө оруулалт болж буйг судлаачид онцолсон юм.


Төслийн хүрээнд хяналтын камерийн систем, ном хэвлэлийг сэргээн засварлах вакум ширээ, машин, нөхөлтийн машин, орчин үеийн хэвлэмэл номыг тоон хэлбэрт шилжүүлэх Scan Robot 2.0, гар бичмэл судар ботийг тоон хэлбэрт шилжүүлэх Book Eye 4, сонин газрын зургийг тоон хэлбэрт оруулах HD Contex зэрэг орчин үеийн дэвшилтэт 3 төрлийн сканнер, өндөр хүчин чадалтай сервер компьютерууд болон стореж сервер зэрэг дэлхийн номын сангуудын үйлчилгээндээ ашигладаг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд зориулан дижитал номын сангийн программ хангамжийг Старсофт ХХК-д захиалж хийлгэжээ. Мөн уншигчдын соронзон туузат картыг өргөн боломж, удаан хэрэглээтэй IC картаар шинэчилж, картнаасаа ном хэвлэл захиалах боломжийг бүрдүүлж, уншигчдад үйлчлэхэд бэлэн болоод байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндэсний номын сангийн үйл ажиллагааг дэмжин тус номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг дэлхийн жишигт нийцсэн танхим болгох төсөл хэрэгжүүлэн иж бүрэн тохижуулж, 2012 оноос “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит” танхим болгосон билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш