Барилга.mn сэтгүүлээс зохион байгуулдаг “Барилга экспо 2013” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн Мишээл экспо төвд нээгдлээ. Үзэсгэлэн энэ сарын 3-6 ны өдрүүдэд болж байгаа бөгөөд энэ үеэр Барилгын ханган нийлүүлэгчдийн уулзалт, хямдрал урамшуулалтай сугалаат худалдаа, дэвшилтэт технологийн шоу үзүүлбэр зэрэг олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр үүд хаалгаа нээсэн “Барилга экспо 2013” олон улсын үзэсгэлэн яармагт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцлоо. Тэрээр үзэсгэлэнд оролцож байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд амжилт хүсээд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих талаар хийж эхэлсэн ажлуудаасаа танилцуулсан юм.
Энэ хаврын “Барилга экспо 2013” олон улсын үзэсгэлэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд оролцож, БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын зарим нэр төрлийн бараа материалуудаа хямдралтай үнээр худалдах гэж байна.
Жил бүрийн хавар уламжлал болгон зохиож ирсэн энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ын дулааны шугам сүлжээний корпораци, мөн Японы Kansai paint брэндийн үйлдвэрлэгч Fuji exim Co.LTD ажиллаж байна.
“Барилга экспо 2013” олон улсын үзэсгэлэнд 200 орчим компани, импортлогч нар оролцож байна. Гадаадын компаниудаас ЛИАО брэнд, Sem System Co.LTD, Samyang valve Co.LTD, Taibong industries Co.LTD, Daibo paint Co.LTD, Beijing Duo Wei EISPT international Project Technology зэрэг олон улсад нэр хүндтэй барилгын материал, дэвшилтэт технологийн үйлдвэрлэгчид оролцож байгаа юм байна.
Үндэсний шилдэг компаниудаас Пирамид Индастри ХХК, Төмөрт транс ХХК, Ган хийц ХХК, Шилэн хийц ХХК, Клаймакс Интернэшнл зэрэг барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, барилга угсралт, засал чимэглэлийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулж эхэллээ.