logo
Хиллари Клинтон Сирийн эрх баригчдыг буруутгалаа

Хиллари Клинтон Сирийн эрх баригчдыг буруутгалаа

2011/08/08
Пүрэв гаригт Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн Засгийн газрын харгис үйл ажиллагааг зэмлэн буруушаасан байна. Сирийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаал хийж буй иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсний улмаас 2000 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. 
"Өнөөдрийг хүртэл 2.000 гаруй хүн амь үрэгдсэн явдалд Сирийн Засгийн газар буруутай гэж бид үзэж байгаа, Ассад Сирийн ард түмнийг захирах  эрхээ алдсан" гэж Клинтон мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
Тэрээр цааш мэдэгдэхдээ Сирийн ард түмний дэс дараатай, тайван замаар ардчилалд шилжих хичээл зүтгэлийг АНУ цаашид дэмжих болно гэдгийг онцолжээ.
Үүнээс өмнө Америкийн Сангийн яам Ассадын гэр бүлийн ойрын хүрээний хүн Мухаммад Хамшо болон түүний Hamsho International Group фирмд хориг тавьснаа зарласан. Ингэснээр тэдний Америкт байж болох хөрөнгийг болоод тэдэнтэй хамт бизнес хийж буй Америкчуудын хөрөнгийг битүүмжлэх юм.
Өнгөрөгч тавдугаар сард Цагаан ордон Сирийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарахын тулд хүч хэрэглэж байгааг эсэргүүцэн Ассад болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтны эсрэг хоригийг гаргажээ. Энэ долоо хоногт Европын холбоо нэмэлт хоригуудыг тавьсан бөгөөд лхагва гаригт НҮБ-ын аюулгүйн зөвлөл Сирид газар аваад байгаа хүчирхийллийг буруутгасан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш