logo
Ургийн бичиг, удмын түүх

Ургийн бичиг, удмын түүх

2013/05/06

Өнөөдөр Монгол Улсын иргэн, өрх бүрийн зайлшгүй анхаарч явах ёстой зүйл бол ургийн бичиг, удмын түүх болчихоод байна. Яагаад гэвэл Монголчууд эрт дээр үеэс ургийн бичгийг хөтөлж ирсэн бөгөөд түүгээрээ дамжуулж удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах түүнийгээ удам дамжин өвлүүлж иржээ. Манжийн эрхшээлд байх үед Монголчууд ургийн бичгээ хөтлөхүй нь бүдгэрч байгаад Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан. Харин 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарч удмын овгийг хэрэглэх болсон билээ.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид ургийн бичиг гэж ойлгож болно. Удмын түүх гэж хоёр талын хүмүүсийн цадиг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт өв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын овог удмыг нэртэй залгамжилсан хүмүүсийн ажил, амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг.

Жишээ болгож сонирхуулахад 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленинийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Улиановын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байна. Энэ нь ямар учиртай вэ? гэж тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнээс асуухад түүний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм.

Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.

Иймд овог зөв хэрэглэх нарийн учрыг ойлгож мэдээгүй бол үүнийг засаж залруулж ургийн бичиг, удмын түүхээ бичих шаардлага гарч байна. Нөгөө талаар “Ургийн мод”, “Ургийн хүрээ”-н загвараар хөтлөхдөө зөвхөн эцгийн талыг барьж ирсэн нь шинжлэх ухааны онол үндэслэлтэй зөрчилдөж байгааг анхаарах ёстой. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөөр байна. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй байвал цаасан дээр буулгаж, номын хэлбэрт эсвэл дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулах буюу програм хангамжийг ашиглан хэрэглээнд оруулж хэвшүүлэх нь чухал байна. Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан (эрхий хурууны цус амсаж хүж барилцсан ах дүү), эцэг нь тодорхойгүй бутач, албан ёсоор гэрлээгүй үед өвөг эцэг, эмэг эх дээрээ өссөн гал дээр гарсан зээг ачид тооцож овог удмаа залгамжлуулсан зэрэг нэмэлт мэдээллийг ургийн бичиг, удмын түүхэндээ тусгах нь цаашид түүнийг жигд сайн хөтлөхөд нэмэртэй юм. Эдгээртэй холбогдуулаад 2010 онд Хүн судлалын нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн доктор профессор Ж.Батсуурь, доктор Э.Энхмаа нар Монголчуудын ургийн бичиг хөтлөх аргачлалыг боловсруулан Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамаар батлуулж олон нийтийн хэрэглээнд оруулсан байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш