logo
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сум хөгжүүлэх төсөл”-ийг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сум хөгжүүлэх төсөл”-ийг хэлэлцлээ

2013/05/07
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулсан “Сум хөгжүүлэх төсөл”-ийг хэлэлцлээ.


Эдийн засгийн хөгжлийн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар яамдын мэргэжилтнүүдээс бүрдсэн 222 хүний бүрэлдэхүүнтэй 28 ажлын хэсэг 21 аймаг, 330 сум, 38 суурин, хилийн боомтод энэ оны 3 дугаар сарын 5-наас нэг сарын турш ажиллаад иржээ. Ажлын хэсгүүд “Сум хөгжүүлэх төсөл”-ийн бодлого төлөвлөлтөд нэн шаардлагатай иж бүрэн мэдээллийн санг анх удаа бүрдүүлж, цуглуулсан мэдээ материалдаа дүн шинжилгээ боловсруулалт хийснээ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 


Сум хөгжүүлэх талаарх иргэдийн 10 мянга гаруй санал хүлээн авч ач холбогдлоор нь эрэмбэлэн, ямар хугацаанд, ямар дарааллаар хэрэгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй хэрхэн нийцүүлэх боломжтойг ажлын хэсгийнхэн судалсан байна. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчийн 10 мянга гаруй барилга байгууламж, тэдгээрийн цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэр, шугам сүлжээ зэрэг инженерийн хангамжтай нэг бүрчлэн танилцаж, ирэх жилүүдэд засварлах, шинээр барих барилга объектуудын өртөг зардлыг тооцоолжээ. 


“Сум хөгжүүлэх төсөл”-ийн өөр нэг сектор үйлдвэрлэлийн салбар. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 46 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг нэгтгэж, 10 мянга орчмынх нь ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлсон байна. Энэ судалгаандаа тулгуурлан цаашид хөдөө орон нутагт 16 мянган жижиг, дунд үйлдвэр нэмж байгуулах хэрэгцээ байна гэж дүгнэжээ. 


“Сум хөгжүүлэх төсөл”-ийн эхний шатны үр дүнг хэлэлцээд, 2014-2016 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, холбогдох яамдын саналыг авч нэгтгээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш