Тэрбээр илтгэлдээ, стресс бол хувь хүн дээр гадаад, дотоод орчноос ирэх шахалт, дарамтад хариулж байгаа сэтгэл санааны болон бие мах бодийн хариу урвал, үйлдэл юм гээд, ажлын байрны стрессийн хэмжээг тогтоох шалгуур үзүүлэлтүүд, стресс багатай ажлын байр, стрэсс ихтэй ажлын байр, стресснээс үүдэх сэтгэц болоод бие махбодийн өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Тухайлбал, ажлын байрны стрессийн хэмжээг тогтоох шалгуур үзүүлэлтүүдэд ажлын зорилго, чиглэл тодорхой бус байх, ажлын ачаалал хэт их юм уу, хэт бага байх, ажлын орчин нөхцөл бүрдээгүй байх, баг бүрдүүлэх процесс буруу, эсвэл удаан явагдах, багийн гишүүдийн үл ойлголцол, хагарал, удирдах ажилтны удирдлагын арга барил, харилцаа хандлага буруу байх зэргийг оруулж ойлгодог бол
Стресс багатай ажлын байр гэдэг нь
- Үйл ажиллагаа нь ил тод,
- Мэдээлэл нь нээлттэй,
- Ажилтнуудынх нь ажил үүргийн хуваарь нь тов тодорхой,
- Ажил үүргээ гүйцэтгэх мэдлэг, мэргэжил, ур чадвар, туршлага нь ажлын байртайгаа яв цав тохирсон,
- Ажлын гүйцэтгэл, чанар нь сайн,
- Баг бүрдэх процесс зүй зохистой явагдсан,
- Нэг зорилгын төлөө багаараа нэг хүн шиг ажиллаж чаддаг,
- Багийн гишүүд нь байгуууллагадаа адилхан үнэ цэнэтэй байдаг,
- Ажлын байрны ялгаварлан гадуурхалт байдаггүй,
- Багийн гишүүдийн харилцаа нь итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг дээр тулгуурлаж явагддаг ажлын байрыг хэлнэ.
Стресс ихтэй ажлын байр
- Байгууллагын үйл ажиллагаа нь ил тод биш,
- Байгууллагын мэдээлэл нь хааалттай, хаана юу болж байгаа нь мэдэгдэдгүй,
- Ажилтнуудынх нь ажил үүргийн хуваарь нь тодорхой бус, хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэх буюу гүйцэтгэхгүй байх,
- Ажилтнуудын мэргэжил мэдлэг нь дутмаг, ажлын гүйцэтгэл муу, чанар, үр дүн нь муу,
- Багийн гишүүдийн үл ойлголцол ихтэй,
- Гишүүд нь ялгавартай үнэлэгддэг,
- Удирдлагын арга барил дарамт, дарангуйллын шинжтэй буюу
- Аль эсвэл ажлын байрны эзэнгүйдэлтэй,
- Итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг байдаггүй байгууллагыг хэлнэ гэв.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны ажилтнуудын дунд ажлын байрны стрессийг бууруулах, ажлын байрны стрессээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаал өнөөдөр гарлаа.
Уг тушаалд:
- Ажлын байрны стресс үүсгэж байгаа хүчин зүйл, ажлын байрны стрессийн төрөл, хэмжээг тогтоох судалгааг Эрүүл мэндийн яамны ажилтнуудын дунд явуулж судалгааны үр дүнг нэгтгэн 2013 оны 5 дугаар сар 15-ны дотор танилцуулахыг Иргэний эрүүл мэндийн хяналт шинжилгээний зөвлөлд даалгасугай
- Дээрх судалгааны үр дүнд үндэслэн “Ажлын байрны стрессгүй ЭМЯ” төсөл боловсруулах ажлын хэсгийг бүх газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж төслийг Сайдын зөвлөлийн хуралд 2013 оны 6 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ТЗУГ-т даалгасугай
- ЭМЯ-ны ажилтнуудын дунд гарч байгаа ажлын байрны стресс, ажлын байрны хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авч тухай бүрд нь сайдад танилцуулж байхыг сайдын зөвлөх Л.Жамбалжавт даалгасугай хэмээн тус тус заасан байна