Улаанбаатар хотын зургаан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Би өрхийн сувилагч” мэргэжил ур чадвар сорих уралдаан тэмцээнийг ЭМШУИС-ийн харьяа ЭМТС-ийн зааланд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, ЭМЯ-тай хамтран зохион байгууллаа.
Уралдаан тэмцээний зорилго нь, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусгай мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд сувилагчдын оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах болон танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэхэд оршсон бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг сувилагч нар ширүүхэн өрсөлдөөнийг харуулсан юм.
Дүүрэг тус бүрээс 5 гишүүнтэй нэг баг, 20 гаруй хөгжөөн дэмжигч, нийтдээ 250 орчим өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид хамрагдсан бөгөөд мэргэжлийн ширүүхэн өрсөлдөөн дундаас Сонгинохайрхан дүүрэг 1-р байр, Чингэлтэй дүүрэг 2-р байр, Баянгол дүүрэг 3-р байрыг тус тус эзэлж бусдыгаа хошуучиллаа.
Тэмцээнийг гэрийн даалгавар, гардан үйлдэл, багийн ахлагч нарын тэмцээн, багаар хийх гардан үйлдэл, хөгжөөн дэмжигч нарын асуулт тэмцээн гэсэн хэд хэдэн шатлалаар зохион байгуулан дүгнэж 1 байр өргөмжлөл 500 000 мянган төгрөг, 2-р байр өргөмжлөл 300 000 мянган төгрөг, 3-р байр өргөмжлөл 200 000 мянган төгрөгөөр тус тус урамшуулжээ.
Өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбооноос жил бүр Олон улсын сувилагч нарын өдрийг ийнхүү амжилт бүтээл дүүрэн үр бүтээлтэй тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил ч уламжлал ёсоор ийнхүү ажил мэргэжлийн манлайлал болсон мэргэжилтнүүдээрээ бахархах, харилцан туршлага солилцох, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломжийг олгож буйгаараа онцлог болсон байна.