Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2010-2012 онд Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез дагалдах хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл авсан 76 байгууллагын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхэд
тусгай зөвшөөрөл авсан байгууллагуудаас 27,3% нь чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, 42,9% нь тусгай зөвшөөрөлд заасан албан ёсны зориулалтын ажлын байранд үйл ажиллагаа явуулаагүй, стандартын хэрэгжилт хангалтгүй, бүтээгдэхүүний чанар, хадгалалт хамгаалалтанд тавих дотоод хяналт хангалтгүйгээс хадгалалтын горим зөрчигдсөн, мэргэжлийн боловсон хүчин ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Дээрх дутагдал зөрчлийг арилгах зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3, 15.12, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19.10, 19.11 заалт, “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага” MNS5530:2009 Монгол улсын стандарт, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн “Хяналт, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 29-ны 154 дугаар тушаал гарлаа. Энэ тушаалаар 24 байгууллагын тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 18 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс