1. Шувуудын жиргээг сонс. Хэдийгээр тэдний хоорондоо юуны тухай ярилцаж байгааг ойлгохгүй ч, шувууны ямар ч жиргээ баясгалантай өөдрөг сонсогддог. Хорвоогийн хамгийн жаргалтай чимээнүүдийн нэг.
2. Зөрж өнгөрөх гэж буй хүмүүсийн зөвхөн гутлыг нь ажиглаад, түүгээр нь царай, дээгүүрх хувцсыг нь тодорхойлох гэж оролд. Дараа нь таамаглал чинь хэр дөхсөнийг хар.
3. Ямар нэг сайхан фото зураг ав. Борооны ус тогтсон навч, цеметний дунд ургасан өвс, инээмсэглэж алхаа эмэгтэй, хөтлөлцөж яваа хос...
4. Мөрөөдлийнхөө тухай бод. Алхангаа өнөөдөр, маргааш, нөгөөдөр тохиолдох сайхан үйл явдлуудын тухай төсөөл. Тэнд таарах хүмүүсийн тухай, очоод хэлэх үгийнхээ тухай. Эсвэл 10 жилийн дараах өөрийнхөө амьдралыг төсөөл.
5. Мандаад удаагүй байгаа шинэхэн нар луу харж хэдэн секунд зогс. Эрч хүч биеэр чинь дүүрээд ирнэ.
6. Замдаа тааралдсан бүхнийг англиар нэрлэж гадаад хэлээ сэргээ. Ямар нэг мэдэхгүй үг тааралдвал бичиж авч цээжлээд маргааш өглөө нь юуг ч алгасахгүй нэрлэж чадахаар бол.
7. Хэд хоногийн дараа тавихаар төлөвлөсөн, эсвэл хэзээ нэг цагт тавина гэж боддог илтгэлээ давт. Олон хүний өмнө зогсож байна гэж өөрийгөө төсөөлөөд алхангаа ярихыг хүсдэг зүйлсээ илтгэ.
8. Асуудлаа шийдвэрлэ. Шөнө орон дотроо бодсон бодол, гаргасан шийдвэр ихэвчлэн сэтгэл хөдлөлийнх байдаг бол өглөө эрт алхаж явахад ухаан санаа хамгийн цэгцтэй, эрүүл байдаг. Тиймээс өнгөрсөн шөнө гаргасан ямар нэг шийдвэрээ дахин нэг тунгаах боломж чамд олдоно.
9. Шувуу хоолло. Гэрээсээ гарахдаа ууттай шар будаа аваад, замдаа таарсан шувуудын зам дээр бага багаар асгаарай. Будаагаа байнга цүнхлээд явж байвал энэ нь чамд хэвшил болно. Мөн шоргоолжны үүрэн дээр чимх элсэн чихэр асгаж хооллож болно.
10. Замдаа тааралдсан жаахан хүүхэд рүү даллаж инээмсэглэ. Том хүн рүү даллавал нүднийхээ булангаар эвгүйхэн хараад өнгөрөх байх. Гэхдээ жаахан хүүхэд гэнэн хонгороор чам руу эргүүлэн инээмсэглэх болно.
11. Зураасан дээр гишгэхгүй яв. Бага байхдаа яаж тоглодог байснаа сана.
12. Замын хашлага болгоны дээгүүр алхаж яв.
13. Дэлгүүрээс зайдас юм уу хиам аваад, замдаа таарсан нохойг хоолло.
14. Эсвэл ундаа аваад замдаа таарсан жин үзүүлдэг өвөө, нойтон сальфетка зардаг эмээд өгөөд өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүсээрэй. Тэдний ерөөл чиний нэг өдрийг ч гэсэн гайхалтай болгоно.
15. Бороо орсны дараах өглөө модны доор очиж ус тоссон навчистай мөчрийг сэгсэр. Салхитай өглөө үүлсийн нүүхийг ажиглаж дээшээ харж хэсэг зогс. Цаг хугацаа чамайг аваад л явах гэж байгааг...
16. Тааралдсан үзэсгэлэнт бүсгүйдээ “Ёстой гоё харагдаж байна” гэж хэл. Чамд баярлалаа гэж хэлэхгүй байсан ч, бүтэн өдөржин чиний хэлсэн үгийн тухай бодож сэтгэл санаа нь өөдрөг явах нь мэдээж. Тэр бүсгүй өнөө орой болзоотой ч юм билүү?
17. Дөрвөлжин хавтантай газар чиртаа тоглонгоо яв. Замд чинь жаахан хүүхдүүд дээс тоглохтой таарвал, тэднээс гуйж байгаад ганцхан удаа “доголон долоо” юм уу, “алцгар 11” хий.
18. Олон хүн холхидоггүй газар утсан дээрээ ямар нэг сайхан дуу чангаар тавиад алх. Эргэн тойрны хүмүүсийнхээ нэг өглөөд аялгуу нэм.
19. Харааны шилтэй бол хэсэг газраар шилээ аваад яв. Шил чинь чамайг олон зүйлээс хязгаарладгийг чи мэдэхгүй явж байж ч мэднэ.