Монголын цагаар 2013 оны 5 сарын 6-ны шөнө 23.00 цагт Нью-Йорк хотноо Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээнд Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч, Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Доржсүрэн, Үлэг гүрвэлийн музейн захирал Н.Жавзмаа, тус музейн зураач Д.Батжаргал, ерөнхий палеонтологич М.Болорцэцэг, хуульч А.Ариунтуяа, сэтгүүлчид, албаны бусад хүмүүс оролцсон байна.
Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авах ёслолын ажиллагааг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл удирдан явуулжээ. Тэрээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголд өмнө нь динозаврын музей байгаагүй. Удахгүй Монголын динозаврын төв музейг байгуулах гэж байна. Тираннозавр Батаар тэр музейн анхны үзмэр байх болно. Т Батаар бол гадагш гараад Монголдоо эргэн ирж буй анхны соёлын өв юм" гэжээ.
АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортон “Бид өнөөдөр нэгэн гайхамшигтай үйл хэрэг бүтээж, түүхэн чухал үйл явдлыг гэрчлэхээр цуглараад байгаа юм. Монголын говиос хулгайлагдсан 70 сая жилийн настай “Батаар” үлэг гүрвэлийн үлдэгдлийг Монголын ард түмэнд эргүүлэн өгөхөөр энд бид хүрэлцэн ирээд байна.
Гэмт этгээдүүд үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар АНУ-д аваачин дуудлага худалдаанд оруулахыг завдсан. Монгол, АНУ-ын мэргэжилтнүүдийн шуурхай ажиллагааны ачаар энэхүү гэмт үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож, үлэг гүрвэлийн ясыг хурааж аваад байсан билээ. Гэмт хэргийг илрүүлэхэд гар бие оролцож, хамтран ажилласан байгууллага иргэдэд талархал илэрхийлэе” гэжээ.
Нью-Йорк хотын прокурор П.Барара “Бид Монголын ард түмний зохих ёсны өмч болох “Батаар” үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгч байгаадаа үнэхээр баяртай байна. Бараг жилийн өмнө эхэлсэн уг хэрэг бид бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагааны ачаар сайн сайхнаар төгсгөл болж байгаад сэтгэл дүүрэн байна.
Монголын газар нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Йоркийн дуудлага худалдаанд нэг сая гаруй ам.доллараар зарахыг завдсан билээ. Харин өнөөдөр бид Монголын ард түмний нэг сая ам.долларын үнэтэй энэхүү олдворыг эргүүлэн өгөхөд бэлэн болсондоо бахархал дүүрэн байгаа юм. Мэдээж энэ нь ганцхан сая ам.доллараар тогтохгүй үнэ хүрэх түүхэн гайхамшигт олдвор билээ.
Энэ хэргийг Монгол Улс, АНУ-ын албаны хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай илрүүлсэн. Түүний дотроос өмгөөлөгч Роберт Пэйнтерийн үүрэг оролцоо чухал байв. Тэрбээр үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байсныг таслан зогсоож, бүхий л үйл ажиллагааг хууль журмын дагуу гүйцэтгэсэн. Улмаар “Батаар” үлэг гүрвэлийн ясны хууль бус эзэмшигч Эрик Прокопийн гарт байсан бусад хулгайн олдворуудыг илрүүлсэн. Үүний дотор мөн Монголын газар нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн олдворууд цөөнгүй байсан билээ.
Бид “Батаар”-ын ачаар Монголын ард түмэнд хамаарах өөр хэд хэдэн үлэг гүрвэлийн олдворуудыг хууль ёсны эзэнд нь хүлээлгэж өгөх эхлэлийг тавьж байгаа юм. “Батаар”-аас гадна 18 үлэг гүрвэлийн ясыг Монгол руу ачуулахаар төлөвлөж байна. Энэ ажилд олон хүний нөр их хөдөлмөр шингэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад мэргэжилтэн эрдэмтэд, АНУ-ын хууль сахиулах байгууллага, эрдэмтдийн төлөөлөл хамтран ажиллаж байж энэ үр дүнд хүрсэн юм. Эдгээр хүмүүст талархал дэвшүүлье” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Батаар” үлэг гүрвэлийн олдворыг Монголд хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлж буйдаа баяртай байна. Монголын ард түмэн, Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс та бүхний хүчин зүтгэлд талархал илэрхийлье. “Батаар” үлэг гүрвэлийн хэрэг нь Монгол, Америкийн ард түмний хамтын ажиллагааг баяжуулж, мэргэжлийн өндөр төвшинд ажиллаж чаддаг болохыг нотлон харууллаа.
Жил хүрэхгүй хугацааны өмнө энэ хэрэг эхэлж байхад өнөөдөр би үлэг гүрвэлийн ясыг Монголд хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцоод зогсч байна гэж төсөөлөөгүй. “Батаар” нь дэлхийн түүх соёлын салбарт үлгэр жишээ болж чадлаа. Монгол, АНУ, Канадын эрдэмтэн, мэргэжилтнүүд, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа нь Эрик Прокопи болон түүний адил бусад гэмт этгээдүүдэд сургамж боллоо.
Бид бүхэн хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж чадвал ямар өндөр оргилд хүрч чадахаа харууллаа” гэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.