logo
Батаарыг эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнав

Батаарыг эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнав

2013/05/08
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд Монголын говиос олдсон 70 сая жилийн тэртээх үлэг гүрвэл Тиранннозавр Батаарын ясыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны холбогдох албан тушаалтнууд, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцсон бол АНУ-ын талаас тус улсын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара болон энэ ажилд эхнээс нь гар бие оролцож үр дүнг нь хамтдаа үзсэн олон улсын палеонтологич эрдэмтэд, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.

Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Тиранннозавр Батаар"-ыг нэхэмжилснээс хойш жил хүрэхгүй хугацаанд гурван удаа шүүх хурал боллоо. Шүүх хурлын явцад ганц Тиранннозавр Батаараар тогтохгүй нэмээд манай бараг арваад динозавр гарч ирж байна.

АНУ-ын Дотоодыг хамгаалах яам, прокурор,хуулийн байгууллагынхан,гаалийнхан Монголын холбогдох байгууллагынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд нягтхамтарч ажилласны үр дүнд 70 сая жилийн настай Тиранннозавр Батаарыг Монголд буцааж өгч байгаад баяртай байна. Энэ хамтын ажиллагаахоёр орны харилцааг баяжуулсан,цоо шинэ түвшинд утга агуулгыг нь өөрчилсөн үйл явдал. Нөгөө талаар олон улсын хэмжээнд соёлын өвийг хулгайлдаг гэмт хэрэгтэй тэмцэхэднягт хамтарч ажиллавал үр дүнд хүрдгийг харуулж байна” гэв.
 
АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан энэ үеэр “Энэ бол Монголын говьд амьдарч байсан динозавр гэдэг нь батлагдсан. Гурван метр өндөр, долоон метрийн урттай, амьддаа зургаан тонн жинтэй байсан аварга том махчин динозавр. АНУ-аас соёлын үнэт өвүүдийг гарал үүслийнх нь дагуу тухайн улс орон руу нь буцааж байгаа бөгөөд Батаар нь 6600 дахь соёлын өв.

Хамгийн сүүлд бид Франц, Египетээс алдагдсан эд зүйл, Иракийн дайны дараа алдагдсан Саддам Хуссейны эд зүйлсийг нутагт нь буцаасан. Өнөөдөр энэ динозаврыг Монголын талд эргүүлэн олгоход хоёр орны нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн. Энэ хэргийг илрүүлснээрээ динозаврын ясны худалдаа эрхэлдэг бүлэг сүлжээг илрүүлсэн нь том ажил болсон. Энэ ажилд оролцсон бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэлээ.
 
Энэ ёслолын үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан нарТиранннозавр Батаарын арагясыгхүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурав. Мөн Батаарыг Монголд хүлээлгэн өгөх хүртэл энэ ажилд уйгагүй хүчин чармайлт гаргаж хамтарч ажилласан 13 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль гардуулсан юм.
 
Өмгөөлөгч Роберт Пэйнтер, Алберто их сургуулийн доктор, профессор Канадын иргэн Ж.Карри,Нью-Йорк хотын прокурор П.Бхарара нарт “Алтан гадас” одон хүртээсэн бол найман хүнийг “Найрамдал” медалиар шагналаа.

Монголын соёлын чухал олдвор болохүлэг гүрвэлийн яс ийнхүү эх орондоо ирэхэд бэлэн болсон бөгөөд энэ сарын сүүлээр онгоцоор тээвэрлэн Монголд авчрах юм.

Эх үрсийн баяр зургаадугаар сарын 1-н гэхэд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болгон дэлгэж ард түмэндээ харуулна гэж салбарын сайд хэлж байлаа. Шинээр илэрсэн Монголын гаралтай үлэг гүрвэлийн бусад олдворуудыг ээлж дараалан эх оронд нь авчрах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш