Маршаллын төв нь Европын аюулгүй байдлын асуудлаар сургалт, судалгаа эрхэлдэг газар бөгөөд НАТО-гийн гишүүн, түнш орнуудын мэргэжилтнүүдийг түр хугацааны сургалтаар бэлддэг Европын хамгийн том сургалтын төвүүдийн нэг юм. Тус төвд Дорно Европ, ОХУ, Кавказ, Төв Азийн олон орны цэрэг, дипломат, төрийн албан хаагчид хуран тэдгээр бүс нутагт тулгамдсан аюулгүй байдлын нийтлэг сорилтын тухай чөлөөтэй ярилцаж, бие биеийнхээ байр суурийг тайлбарлан ойлгож, нэгдмэл ойлголцолд хүрдэг билээ.
Маршаллын төвийн захирлууд Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Тэд ГХЯ-тай хамтран ажиллах, ажилтнуудыг нэг жилийн хугацаатай магистрын сургалт, Аюулгүй байдлын гүнзгий дамжаа, Терроризмын эсрэг дамжаа зэрэг түр хугацааны сургалтад хамруулах, цаашилбал, ГХЯ-ны сонирхолд нийцүүлэн тусгай сургалт ч зохион байгуулах боломжтой тухай тайлбарлалаа.