logo
Монгол залуус дэлхийн хүн болж чадна

Монгол залуус дэлхийн хүн болж чадна

2013/05/08
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран 1992 оноос Нийгэм, Улс төр, Эдийн засаг бизнесийн “Оны залуу” тодруулдаг “Next stop” наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. 1992 оны анхны “Next Stop” наадмын улс төр нийгмийн салбарын “Оны шилдэг залуугаар Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуугаар одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 24 залуу удирдагчийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан нь“Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм. “Оны залуу” тодруулах “Next Stop” ёслолын арга хэмжээ 20 дахь жилийн ойгоо “Сүү өргөж амьдаръя” уриан дор 2012 оны 12-р сарын 27-нд  ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Ийнхүү 8 жил завсарласны эцэст энэхүү наадмыг шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулсан бөгөөд нийгэм улс төрийн Оны залуугаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, эдийн засаг бизнесийн салбарын Оны залуугаар Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар шалгарсан билээ.
Энэхүү “Next stop” наадмаас шалгарсан залуучууд “Оны залуу”-гийн лекцийг тухайн оныхоо дараа жилд зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Тиймээс өнөөдөр 2012 Оны шилдэг залуугаар шалгарсан залуу удирдагчдын лекцийг сонсохоор 1000 гаруй оюутан залуучууд хүрэлцэн ирсэн байлаа. NEXT STOP 2012 наадмын  “Оны Залуу”-гаар шалгарсан Эдийн засаг, Бизнесийн салбарын “Оны залуу”, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайхан “1+” сэдвээр, Нийгэм, Улс төрийн салбарын “Оны залуу” Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжин “Шинэ үе, Эрх чөлөө, Хариуцлага” сэдвээр лекц уншлаа. Оюутан залуучууддаа уншсан лекцэндээ Х.Тэмүүжин сайд “Монгол залуус дэлхийн хүн болох хэрэгтэй байна, өөрчлөлтийг мэдэрч, өөрчлөлтөө хамгаалж, өөрчлөлтийг хийх ёстой, залуучууд маань өөрөө өөрийгөө л хуурч болохгүй шүү” гэдгийг онцлон захиж байлаа. “Эрчим хүч бол эдийн засгийн суурь, ирэх 10жилд 200ГВ-н нар салхи хосолсон станц барихад 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, харин ирэх 20 жилд хүний нөөцийн салбарт инженерүүд манлайлагчид болно” гэдгийг Б.Бямбасайхан дарга “1+” лекцээр дамжуулан онцоллоо. Залуучууд тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, асуулт асууж лекц тун халуун дулаан уур амьсгалтай болж өндөрлөсөн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш