МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ амжилттай болж өндөрлөлөө. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатай зохион байгуулагдсан “Эврика - 2013” ЭШБХ-ыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж эхэлжээ.
Тэгвэл өнөөдөр “Эврика-2013” залуу багш, оюутны шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнал гардуулах ёслолыг УИХ-ын дарга З.Энхболд нээж, цаашид энэ хурлыг илүү бодитой түвшинд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Нийгмийн ухааны, Байгалийн ухааны /Физик, математик, химийн/, Эдийн засгийн, Техник технологийн, Газарзүй, геологийн, Анагаах ухааны, Экологи, хөдөө аж ахуйн, Мэдээллийн технологийн гэсэн 8 салбарын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авч шилдэгүүдийг тодруулсан байна. УБ хотын 60 гаруй их, дээд сургууль болон Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160 орчим багш, оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн оролцжээ. Энэхүү ЭШБХ-ын гранпригийн эзэдийг тодруулах үйл ажиллагаанд салбар хуралдаанаас шалгарсан залуу багш, оюутнууд бүтээлээ танилцууллаа. Эдгээр салбар салбарын шилдэг бүтээлүүдээс манлайлж залуу багш ангилалд гранпригийн шагналыг байгалийн ухааны салбарт тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн МКС-ийн багш Ц.Батболд “On a Relation between Hilbert-Type Inequality and Gabriel’s Inequality” сэдэвт бүтээлээрээ, харин оюутан ангилалд техник технологийн салбарт тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн УБС-ийн оюутан С.Ууганбаатар “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микроконтроллер бүхий төхөөрөмжийг удирдах боломж” сэдэвт бүтээлээрээ хүртсэн юм.
Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэ бага хурал нь их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулж, тэднийг урамшуулж, дэмждэг хамгийн том оюуны уралдаан байдаг юм.