logo
С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2013/05/08

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Оюу толгой компанитай байгуулсан зарим гэрээ тодорхой бус байна гэж үзэж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын зардал, менежментийн төлбөр нэмэгдсэн асуудлаар хэлэлцээрт орсон Засгийн газрын зарим сайд яагаад чимээгүй болов,  Засгийн газар хөрөнгө оруулагчдын байр сууринаас яагаад ярих болов гэдэгт хардлага төрж УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт хандан ил захидал хүргүүлээд байгаа талаар мэдээлсэн юм.Ил захидалд Монголын ард түмэнд хурал бүрийн явц, тэмдэглэл, талуудын байр суурь шийдвэрийг ил болгож тайлагнах, Рио Тинтотой хэлэлцээр хийж буй дөрвөн сайд хөрөнгө оруулагчийн байр сууринаас ярих болсон шалтгаанаа ойлгомжтой, тодорхой ярих ёстой гэжээ. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудал эрчимжиж байгаа энэ үед  С.Ганбаатар гишүүн дор хаяж найман гэрээг монголчуудад ил болгох шаардлага мөн тавьж байна. Эдгээрт  Хятадаас эрчим хүч худалдан авах гэрээ, Хятад болон бусад улсад зэсийн болон алтны баяжмалаа борлуулах гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын үеийн санхүүжилтийн гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын гэрээ, Итгэмжлэгдсэн банк санхүүгийн байгууллагын гэрээ, Төслийн үйлдвэржилтийн үеийн урт хугацааны санхүүжилтийн гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Удирдлагын үйл ажиллагааны гэрээ  багтаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш