logo
Л.Болд: Монгол улс тусламж хүртэгч биш, хөрөнгө оруулалт татагч улс болсон

Л.Болд: Монгол улс тусламж хүртэгч биш, хөрөнгө оруулалт татагч улс болсон

2013/05/09
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 8-нд сэтгүүлчидтэй нээлттэй уулзан Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар мэдээлэл хийн, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариуллаа.

Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой олон томоохон үйл явдал өрнөсөн өдрүүдийн дараа болсноороо энэхүү уулзалт онцлогтой байв.

Ардчиллын болон хөгжлийн түүхэнд “Монголын туршлага” гэдэг шинэ хэллэг бий болгосон, “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо ялгардаг болсон, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж буй зэрэг хэд хэдэн чиглэлээр манай улс дэлхий нийтэд үнэлэгдэж байгааг Л.Болд сайд тэмдэглэлээ. Түүнчлэн, өнөөдрийг хүртэл Монгол Улс хөгжлийн тусламж хүртэгч орон байсан бол одоо хөрөнгө оруулалт хүлээн авагч улс гэдгээ гадаад харилцаагаараа дамжуулан дэлхий нийтэд нотлон харуулж байна гэлээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Шинэчлэлийн Засгийн газар энэ бодлогын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ хамгаалсан, тэдэндээ ойртсон үйлчилгээ үзүүлэхийн тулд дорвитой шинэчлэл хийж эхэлсэн гэж Л.Болд сайд онцолсон.

Энэ хүрээнд дипломат төлөөлөгч, консулын газрынхаа тоог нэмэх, оновчтой газар байрлуулах, үйлчилгээний байгууллага болгон өргөжүүлэн зохион байгуулах зэрэг ажлыг шат дараатай хийж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, ялтан шилжүүлэх ажил зохион байгуулж, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх тусгай шугам ч нээжээ. Одоо 39 оронд ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог энэ жилдээ багтаан 45 болгон нэмэх, Монгол Улсын иргэдийг аль болох олон оронд визгүй зорчуулахаар хэлэлцээ хийх ажлууд ахицтай байгаа аж.

Үүнээс гадна газар өмчлөх, нийгмийн халамж тэтгэмжид хамрагдах боломжийг гадаадад буй монгол иргэддээ олгож, үүгээрээ дамжуулан тэднийг бүртгэлд бүрэн хамруулж, үнэн зөв мэдээллийн сантай болохоор зорьж байна.
Бодлого, үйл ажиллагааны гол гол чиглэлээ ийнхүү танилцуулсны дараа Гадаад харилцааны сайдаас сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Хэдхэн хоногийн өмнө АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын гадаад нэр хүндийг ихээхэн өсгөсөн, гол гол түнш орнуудад манай иргэд визгүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсоноор гадаад харилцааны үр шим иргэдэд хүрч байгаа, бүтээн байгуулалтын чухал салбаруудад авч ажиллуулах гадаадын ажиллах хүчний квот, тоог бууруулж, аль болох дотооддоо ажиллах хүч бэлтгэх бодлогыг Шинэчлэлийн Засгийн газраас баримталж  байгаа гэх мэт сэдэв энэ үеэр голчлон яригдсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш