logo
Д.Эрдэнэбат: Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан засаг гэсэн тулгын гурван чулууг Монголын түүхэнд анх удаа ард түмэн өрлөө

Д.Эрдэнэбат: Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан засаг гэсэн тулгын гурван чулууг Монголын түүхэнд анх удаа ард түмэн өрлөө

2013/05/09
Эрхэм журмын нөхөд өө,
 
Ардчилсан Намын Их Хурлын хүндэт индэр дээрээс үг хэлэх боломж олгосон нийт гишүүддээ баярлалаа. Энэхүү үнэтэй хормыг ашиглан цөөн үгээр санаагаа илэрхийлье.
Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох ард түмний хүсэл эрмэлзлэл 4-хөн жилийн өмнө биелж Цахиагийн Элбэгдорж сонгогдсон. 
Түүх бүгдийг эргэн сануулдаг. 
2000 оноос хойш ард түмний итгэл найдвар алдагдан, авлигын дарамт, шударга ёсны үнэгүйдэл эх орныг минь бүрхэн авсан эмгэнэлт үе байсан.
Ардчилал бол ард түмний нийтлэг хүсэл сонирхлын илэрхийлэл учраас Ардчилсан Ерөнхийлөгчөө ард түмэн сонгосон юм. 
Ард түмэн алдаагүй сонголт хийсэн нь цаг хугацаагаар нотлогдсон.
  • улс эх орноо газартай нь худалдаалж байсныг тэр зогсоож чадсан.
  • иргэнээ үнэгүйдүүлж, эрх чөлөөг нь боогдуулж байсныг тэр зогсоож чадсан
  • шударга ёсыг сахиулж, авлигачдын нурууг бөхийлгөж тэр чадсан
  • хүмүүнлэг байхын үлгэр дуурайллыг үзүүлж, сэтгэлийн цагаан сүүгээ тэр ард түмэндээ өргөж чадсан
  • эв нэгдлийг эрхэмлэж, цөөнхийн төлөө бүлэг байгуулах хуулийг хүртэл тэр санаачилж чадсан
  • Монгол Улсаа бахархал болгож дэлхийн дэвжээнд зөвөөр таниулж тэр чадсан.
Тийм ээ!, түүнд хийсэн бүтээсэн олон зүйл бий.
Түүний үг, үйлдэл бүхэн ард түмэнд ээлтэй, өгөөжтэй туссан юмаа. 
Тийм ч учраас бид түүнд санал нэгтэйгээр дахин итгэл үзүүлж байна.
 
Ард түмэн олуулаа болох хүсэл эрмэлзлэлээ 2012 оны сонгуулиар илэрхийлж Ардчилсан намд сонголтоо өгсөн. Яагаад гэвэл:
  • Хариуцлагагүй нь даамжирсан, авлигын ачааллаа даахаа байсан төрийн үйлдлийг зогсоох гэж өгсөн юм. 
  • Ардчилсан Монгол орныг хариуцлагатай, хууль ёсыг сахидаг, хөдөлмөрч ард түмэнтэй болгох хүслээр өгсөн юм. 
  • Арван хэдэн жилийн хуучин арга барил, авлигач эрх мэдэлтнүүдээс салах гэж өгсөн юм. 
Ардчиллын цагаан морины чөдрийг Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгчид ард түмэн итгэж 23 жилийн дараа салган өгч байна. 
Энэ их итгэлийн хариу нь ард түмэндээ өгөх сэтгэлийн өглөг байх болно.
Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан засаг гэсэн тулгын гурван чулууг Монголын түүхэнд анх удаа ард түмэн өрлөө. Тулгын 3 чулууны нэгийг л сугалж авахад “тогоо хөмөрнө” гэдгийг эрх мэдлээсээ салагсад сайн мэдэж байгаа. 
Тэднээр тоглуулах ард түмний минь цаг дууссан. 
Одоо хөгжлийн галаа асаах түүхэн боломж бидэнд үлджээ. 
Шуурга мэт эсэргүүцэл, зуд мэт доромжлол, ган мэт гүтгэлгийн эсрэг ардчиллын цагаан хүлгийнхээ амгайг татан зогсоож, дахин чөдөрлүүлэх эрх бидэнд үгүй. 
Шинэ цаг дөнгөж эхэлж байна. 
1990-ээд онд худалдаачдаар дүүрэн байсан,
2000-аад онд хулгайч, авлигачдаар дүүрэн байсан Монгол орны нэгэн цагийн түүх цэглэгдэж байна.
Хөдөлмөрч, бүтээлч иргэдтэй, ардчилсан шинэ Монгол Улсын түүхийг бүтээх үүрэг хариуцлага ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан Засагт оногдож байна.
Ухаант ард түмэн, түүхэн сонголтоо дахин баталгаажуулна гэдэгт бид итгэж байна.
 
Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжье!
Эх орон минь мөнхөд оршиж, 
Эгэл түмэн минь эрхэмсэг амьдраг!
Анхаарал тавьсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш