2012 оны 10 дугаар сарын 9-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн тугал хорогдсон шалтгааныг Цөмийн энергийн газраас цацраг болон ураны нөлөөллөөс болоогүй гэж үзсэн бол Мал эмнэлгийн газар үүний эсрэг дүгнэлт гаргаж маргаан үүссэн тул юунаас болж мал үхэж байгааг тодорхойлж дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулж дүгнэлт гаргах захирамж гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй. Малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоосон. Мөн тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг шинжилгээгээр тогтоож, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж үзжээ.
Харин селен, бор, сурьма зэрэг металл биш элементүүдийн агууламж Тал хонгорын шаврын цэгийн хашаа доторх хөрсөнд стандартаас давсан тохиолдол дөрвөн дээжинд илэрсэн тул тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Энд Хонгорт гарсан хордлоготой төстэй зүйлүүд яригдаад байгаа. Хонгорт гарсан асуудалд мөн тодорхой хариулт өгөгдөөгүй. Ажлын хэсэг тийм байж магадгүй, цаашид судлана гэсэн хариулт өгөөд байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа хариулт үнэхээр сул байна. Халдварт өвчин биш гэдгийг аймгийн мал эмнэлгийнхэн ч хэлчихнэ. Энэ асуудлыг хичнээн сараар, 140 хүний маш том бүрэлдэхүүнтэй судалчихаад тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь ажлын хэсэг хангалтгүй ажилласан байна“ гэсэн байр суурnнаас хандлаа. Харин УИХ-ын гишүүн А.Бакей “Ажлын хэсэг иж бүрэн бүрэлдэхүүнтэй хордлогын шалтгааныг тогтоохын тулд нухацтай ажилласан нь харагдаж байна" гээд шинжилгээ хийсэн лабораторийн итгэл үнэмшил хэр байгааг тодруулсан юм. Мал эмнэлгийн төв лабораторийн захирал н.Ганзориг “Лабораторийн төвшинд хүнд металлыг илрүүлэх ажиллагаа олон улсын түвшинд хийгдэж байгаа. Иймд эргэлзээ байхгүй гэсэн” тайлбар өгөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улс уранаас бүрэн татгалзсан орон гэж үзээд, ураны лицензтэй компаниудыг хөөж явуулж болдоггүй юм уу. Шинжилгээний дүгнэлтэд цацраг байхгүй гэдэгт бид яаж итгэх юм бэ “гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ажлын хэсэг ерөнхий дүгнэлт гаргасан ч яг ямар зүйлээс болж мал хорогдсоныг тодорхойлоогүй байна. Дэлхийн шар нунтгийн зах зээл гэж байдаг. Үүнд монголчуудыг оруулахгүй байх, техник технологиос хол байлгах гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Байнгын хорооноос зөвхөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс оролцож санал дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд эргэлзээлтэй зүйлүүд байгаа. Иймд энэ асуудал цаашид дуусахгүй үргэлжлээд явна. Энэ үүднээс Байнгын хороо энэ асуудлыг анхааралдаа авч Ажлын хэсэг байгуулсан байгаа. Байнгын хорооноос танай Ажлын хэсгийн хийсэн ажлыг үндэс болгож цаашид ажиллана” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.