Энэхүү аялал нь “Бүхнийг дахин нэг удаа” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд 40 хүртэлх насны 100 гаруй залуу оролцож хүүхэд насандаа эргэн очин үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, авхаалж самбаа, авъяас билгээ сорьсон “Хэзээд бэлхэн” дуут жагсаалын бэлтгэл, “Залгамж үеийн тэмүүлэл дор” өртөөчилсөн ажил, “Улаан цэцгийн баяр” урлагийн наадам, “Дурсамж сэргээсэн Найрамдлын өдрүүд минь” галын наадам, “Оноо, хурд хурам” спортын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан бүлгийн хүүхдүүд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Алтан” медалиар шагнуулсан юм.
Энэхүү тусгай ээлжийн амралтанд хамрагдсан залуус хүүхэд насны гэгээн цагаахан үедээ эргэн очиж, ар гэр болоод ажлын стрессээс түр ч гэсэн хол байж цагийг үр бүтээлтэй, хэзээ ч мартагдамгүй хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, хамтран зохион байгуулагчаар МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Mongolian National Times”, “Рояал” телевиз, дэмжигч байгууллагаар “Залуусын тэмүүлэл” ТББ, “Талх чихэр” ХК ажиллаа. Хүүхдийн гүрэнт улсад очих дараагийн “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-ийг залуус тэсэн ядан хүлээсээр буцлаа.