logo
Залуучууд байгаль орчноо цэвэрхэн байлгахад гар бие оролцдог болжээ

Залуучууд байгаль орчноо цэвэрхэн байлгахад гар бие оролцдог болжээ

2013/05/09
 Залуучууд сүүлийн үед хотынхоо өнгө үзэмжид анхаардаг, өөрсдөө санаачилан гар бие  оролцож, сайн дураараа нэгдсэн клуб, хамт олноороо байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цэвэрлэх ажлуудыг хийдэг болжээ. Саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб Туул голоо цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж, ойр орчмын хогийг түүж, 100 гаран шуудай хог цэвэрлэсэн байна. Нийт 80 гаруй залуучууд өөрсдийн санаачилгаар энэхүү ажилд оролцож, тэд цэвэрлэх газартаа хүртэл байгаль орчинд хамгийн ээлтэй унадаг дугуйг сонгож, саад бэрхшээлийг ч ажрахгүй тун идэвхитэй оролцжээ.

Тэдний хийсэн энэ үйлс олон үе тэнгийнх нь залуучуудад хүрч, фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн хуудсанд давалгаалж байгаа юм. Тэднийг Туул голын хогийг цэвэрлэх сайн үйлсэд Medimpex Mongolia компани машин, бээлий, маск, анхны тусламжийн иж бүрдэл зэргээр, Cannondale Mongolia, Cmgts дугуйн дэлгүүр дугуйн засварын үйлчилгээгээр, мөн Баянзүрх дүүргийн тамгын газар, УИХ ын гишүүн Х.Баттулга нар мөнгөн туслалцаа үзүүлж дэмжсэнд залуучууд талархаж байна. Залуучуудын дараагийн цэвэрлэх маршрут нь Орхоны хөндий рүү чиглэсэн гэнэ. Энэ сарын 10-13-ны хооронд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын төв” Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх 3 өдрийн аяныг зохион байгуулахаар болжээ.

Залуучууд тун сонирхолтой маршрут хөтөлбөрөөр аялж амраад ирэхийн зэрэгцээ хог хаягдалгүй, байгаль экологийн цэвэр орчныг бий болгох зорилгын хүрээнд энэ ажлыг хийж байгаа юм байна. Энэхүү аялалд оролцохоор 100 гаруй залуучууд бүртгүүлсэн байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш