logo
Японд 1997 онд болсон хямрал АНУ-д давтагдаж байна

Японд 1997 онд болсон хямрал АНУ-д давтагдаж байна

2011/08/09
АНУ-ын гадаад өр 14 триллион долларт хүрээд байгаа. Эрх баригч нам болон сөрөг хүчний удирдагчид өр, зээлийн дээд хязгаарыг нэмэх эсэх тал дээр маргасаар байгаа. Яг энэ үзэгдэл 15 жилийн өмнө Японд болж байжээ. 1996 онд Азийн улсуудад хямрал нүүрлэхэд Японы эрх баригч нам болон сөрөг хүчин Засгийн газар нэмж зээл авах эсэх дээр маргаж эхэлсэн бөгөөд сөрөг хүчний гишүүд алдагдлыг багасгаж, төсвийн зардлаа хасахыг шаардан парламентын ордны хаалгыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тухайн үед Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үнийн хөөрөгдөл үүсч, Японы эрх баригчид алдагдлыг бууруулахын тулд нэмж зээл авсан хэдий ч төсвийн алдагдал замбараагаа алдсан түүхтэй.  АНУ-д яг л ийм байдал үүсээд байгаа. АНУ алдагдлаа бууруулахын тулд нэмж зээл авснаараа Японы алдааг давтаж байна гэж “Номура” эдийн засгийн судалгааны төвийн ахлах эдийн засагч Ричард Күү үзэж байна. 1997 онд аргаа барсан Японы ерөнхий сайд Засгийн газрын хөрөнгөнөөс нэмж зээл авахаа зогсоон, худалдааны татварыг нэмж байжээ. Түүнээс хойш Японы эдийн засаг бага зэрэг сэргэж байгаа ч банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа суларсан байна. “Төсвийн алдагдлыг бууруулах амаргүй. Одоо АНУ-д нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал 1997 онд Японд болсон хямралаас ялгаатай нь гэвэл АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай улс. АНУ-ын эрх баригчид зээлийн хязгаарыг тогтоох уу,  нэмж зээл авсаар байх уу гэдгээс үл хамаарч Америкийн эдийн засаг хямарвал дэлхийн эдийн засаг ганхах аюултай болоод байгаа юм” гэж “Номура” эдийн засгийн судалгааны төвийн ахлах эдийн засагч Ричард Күү хэллээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш