logo
Хөвсгөл хүрэх 88 км замыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

Хөвсгөл хүрэх 88 км замыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

2013/05/09

Булган аймгийг Хөвсгөл аймагтай холбох хатуу хучилттай замын ажил эхлээд 10 гаруй хонож байна. Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ замын ажилтай танилцаж үүрэг өгсөн байна. Шинэчлэлийн Засгийн газар 2012 онд зурган  аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн. Үүний нэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан сум хүртлэх 88 км замын ажил юм. Энэхүү замыг Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээл болон Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийх бөгөөд гүйцэтгэгчээр нь Солонгосын “Бэк сок” констракшн ажиллаж байна. Уг замыг 2014 онд ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулсан хэдий ч ажлаа шуурхайлж, энэ онд хүлээлгэж өгөх үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн бөгөөд компанийнхан энэ оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр нарийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Замын ажил эхлээд 10 гаруй хонож байгаа бөгөөд одоогоор Солонгосын 17 инженер, Монголын 80 гаруй ажилчид ажиллаж байгаа ч нэмж ажилчид авах юм байна. Ерөнхй сайд Булган аймагт ажиллах үеэрээ  энэ замын ажилтай танилцаж, богино хугацаанд хийх ч хамгийн гол нь чанартай байх ёстойг хэлсэн юм. Энэ зам бол хоёр аймгийн хөгжилд онцгой хувь оруулах учир товлосон хугацаандаа ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөхийг үүрэг болгосон. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбочихвол аймгуудын хөгжил хурдсах боломж бүрдэх юм. Замаа дагаад үйлдвэрлэл үйлчилгээ бий болж хөдөөнөөс хотыг зорих нүүдэл ч багасах боломжтой юм. Энэ ч үүднээс Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл  гэсэн аймгуудыг эхний ээлжинд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Ямартай ч энэ оны 10 дугаар сар гэхэд Булган, Хөвсгөл аймгууд хатуу хучилттай замаар зорчих болж байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш