Манай улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байгаа юм байна. Түүнээс гадна олон улсын байгууллагаас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж тодорхой зөвлөмжүүдийг өгчээ. Тухайлбал, хууль тогтоомждоо энэ оны зургадугаар сарын дотор нэмэлт, өөрчлөлт хийж олон улсын байгууллагаас тавьж буй зөвлөмж, шаардлагад нийцүүлэхгүй бол Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлж магадгүй улс орнуудын тоонд багтааж хар жагсаалтад бичих тухай сануулсан байна. Хэрэв манай улс хар жагсаалтад орвол гадаад, дотоод санхүүгийн гүйлгээ удаашрах, хаагдах зэрэг бэрхшээлүүд гарна гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярилаа.
Холбогдох хуулийг шинэчилэн баталснаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал төдийгүй дотоодын санхүүгийн луйвартай холбоотой хэргүүдийг ч тухайн цаг үед нь илрүүлэх боломжтой болох юм байна. Хэрэв Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг эртхэн шинэчилэн батлуулах ажил хийгдсэн бол МИАТ-ийн хэрэг, Татварын ерөнхий газрын хэлтсийн даргын нууц амрагтаа мөнгө зувчуулсан хэргийг тухайн цаг үед нь илрүүлэх боломжтой байсан гэж хуулийн төсөл санаачлагч мөн үзэж байгаагаа илэрхийллээ.
Хуулийн төсөлд санхүүгийн мэдээллийн албанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлж болзошгүй мэдээллийг гаргаж өгөх байгууллагууд, тэдгээрийн үүрэг, харилцагчдаас мэдээлэл гаргуулж авах, гаргаж өгөхгүй татгалзсан тохиолдолд авах арга хэмжээний талаар тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн мэдээллийн албаны алба хаагчид ажиллаж байсан болон ажлаасаа гарсан тохиолдолд харилцагчийн гүйлгээний талаарх мэдээллийг бусдад өгч, дамжуулахгүй байх, тухайн харилцагчийн нууцыг хадгалах зэрэг зохицуулалтыг тусгаж өгчээ. Энэ хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх юм.
Хууль зүйн сайд мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг парламентын тэргүүнд өргөн барилаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг манай улс хүлээн зөвшөөрснөөр 2000 оны долдугаар сарын 26-нд тус банкны 61 дэх гишүүн орноор элссэн юм байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европын улс, Монгол зэрэг орон хамарч байсныг тус банкны захирлуудын зөвлөлийн 2011 оны 137, 138 дугаар тогтоолоор Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү банк санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж байгаа нь банкны зорилго, чиг үүргийн асуудалтай шууд хамаарах учир гагцхүү банкны бүх гишүүд асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохих журмын дагуу мэдэгдлээ ирүүлсэн тохиолдолд л банкны санхүүжилтийн үйл ажиллагаанд хамрагдах эрх бүхий орнуудыг нэгдэн орсноор тооцох юм байна. Улмаар Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудтай эдийн засгийн харилцаатай болно. Тиймээс Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлуулахаар хуулийн төсөл өргөн барьж байна гэдгээ Засгийн газрын гишүүн мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.