logo
Д.Эрдэнэбат: Д.Сумъяабазар, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэх хэрэгтэй

Д.Эрдэнэбат: Д.Сумъяабазар, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэх хэрэгтэй

2013/05/10
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас бүлгийн хурлын шийдвэрийн талаар тодрууллаа.

-Ардчилсан намын бүлэг Ардын намаас нэр дэвшсэн Д.Сумъяабазарын тангараг өргүүлэх асуудлыг хэрхэхээр болсон бэ?

-Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудал, Өвөрхангайн тойргийн тангараг өргүүлэх асуудлыг шийдээд УИХ элэг бүтэн болъё гэдэг дээр байр суурь нэгдлээ. Үүнийг хэлэлцээд шийдвэрлэсэн нь дээр. Бид маргалдаад байвал УИХ-ын үйл ажиллагаа удааширч, хийрхсэн улс төр ч газар авна. Үнэндээ бол Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Юу гэхээр сонгуулийг 22.00 цагт хаах байсныг  08.00 цагт хаасан. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан болохоор бид хэлсэндээ хүрч, ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улс төр өөрөө тогтвортой байх ёстой. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг нь үнэн бол үүнтэй маргаад яах вэ. Маргаан үүсгэх нөхцөл бололцоо байна уу гэвэл тийм. УИХ элэг бүтэн болох тэргүүн шаардлага байгаа болохоор ийм шийдвэр гаргасан.

-Тэгэхээр маргаантай байгаа Өвөрхангайн тойрогт Ардчилсан намынхан Д.Зоригтыг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа гэх юм?

-Өвөрхангайн тойрогт шүүхээр асуудлыг шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй гэсэн маргаан бий. Энэ тойргийн маргааныг Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Одоо ямар ч маргаан байхгүй. Хуулийн зөрчил байгаа нь С.Чинзориг гэдэг хүн дээр гарчихсан юм шиг байгаа юм. Д.Зоригт гишүүний тухайд нэгэнт өргөн баригдсан учир асуудал нь нээлттэй хэвээр байгаа. Сонгуулийн ерөнхий хороо Д.Сумъяабазар, Д.Зоригт хоёрын нэрийг өргөн барьчихсан. Өргөн барьсан гишүүдийнхээ тангаргийг өргүүлж, УИХ-ын үйл ажиллагааг нэг тийш нь болгох хэрэгтэй. УИХ 76 гишүүнтэй болох шаардлага байна.

-Энэ асуудлаар Ардын намын бүлэгтэй зөвшилцөж байна уу?

-Зөвшилцөөд явж байна. Бид энэ асуудлыг хүчээр шийдэхгүй. Харин хуулийн хүрээнд асуудлыг ярья гэж байгаа юм. Хоёр талаасаа хууль зөрчсөн гээд байвал энэ маргаан зогсохгүй. Юун түрүүнд УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага бий.

Ц.Энхцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш