МУИС-ийг өдгөө нийт 40 мянга шахам хүн төгссөн гэдэг албан бус тоо байдаг. Саяхан Худалдааны сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан бөгөөд уг ажлын эхлэл болох үйл явдал өчигдөр боллоо. Эл сургуулийг 1964 онд төгссөн, худалдааны салбарын ахмад ажилтан Норовын Гомбодорж Увс аймагт өөрийн гараар тариалж улмаар нийслэлийн ногоон бүсэд нутагшуулсан 800 гаруй хайлаас модны суулгацыг сургуульдаа бэлэглэж эдгээрийг суулгах “Ногоон сургууль-2013” аяны ёслолын ажиллагаанд түүний хамаатан садан, үр хүүхэд , түүнчлэн МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Худалдааны сургуулийн захирал Ж.Октябрь, сургуулийн багш, ажилтан, оюутны төлөөлөл оролцлоо. Дашрамд тэмдэглэхэд Н.Гомбодоржийн аав Б.Норов гуай 70 жилийн өмнө тус сургуулийг төгссөн бөгөөд түүний дөрвөн хүүхэд, ач нар энэ сургуулиар мэргэжил эзэмшиж өнгөрсөн онд аавынхаа нэрэмжит кабинетийг сургуульдаа тохижуулж өгсөн юм. Ахмад төгсөгч агсан Б.Норов гуайн найман хүүхдийн нэг Н.Алтанхуяг өдгөө Монгол улсын шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байгаа билээ. Ийнхүү бүх нийтээр мод тарих Ерөнхийлөгчийн шийдвэрийг тус сургууль амжилттай хэрэгжүүлж эхэллээ.