logo
Залуучууд байгаль экологио цэвэрлэх аянд мордлоо

Залуучууд байгаль экологио цэвэрлэх аянд мордлоо

2013/05/10
Саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын залуучууд хамтдаа нэгдэн Туул голын эргийн дагуух хогыг цэвэрлэсэн мэдээг бид хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр өглөө мөн тус холбооны “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулж буй Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх аяны залуучууд аялалдаа гарчээ. Энэхүү аянд нийтдээ 90 гаруй залуучууд нэгдсэн бөгөөд тэд энэ сарын 10-14-ны хооронд ногоон бүсэд аялж жуулчилж амрахын зэрэгцээ, гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс нутгууд болох Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологийн цэвэр орчныг бий болгох юм байна. Залуучууд сүүлийн үед өөрсдөө санаачилан гар бие оролцож байгаль экологио хайрлан хамгаалах, хог цэвэрлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг болсон нь сайшаалтай. Энэ ажлыг түүчээлэн залуучуудын төв байгууллага болох МЗХ санаачилан зохион байгуулж байгаа нь залуучууд санал бодол, дуу хоолойгоо нэгтгэвэл хог цэвэрлэх ажлыг ч урамтай хийж болдогыг харуулж байгаа юм. Дашрамд дурдахад энэхүү хог цэвэрлэгээний аяныг зохион байгуулахад Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль орчныг хамгаалах сан дэмжиж, шатахууны өртөгөөр хангаж өгч байгаа юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш