logo
Сэлэнгэ аймгийн Залуучуудын чуулганы үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат:

Сэлэнгэ аймгийн Залуучуудын чуулганы үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат:

2013/05/10
Телевиз үзэж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Миний Монгол” телевизийн“Миний урилга” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцож байна. Миний хувьд нэвтрүүлэгтээ Сэлэнгэ аймагт залуучуудын чуулган зохион байгуулж байна гэсэн сургаар танд урилга өглөө. Таныг урьсан шалтгаан гэвэл залуучуудынхаа дуу хоолой болж, нэлээд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа учраас тантай ярилцья гэж бодсон юм. Урилгыг минь хүлээж авсан танд баярлалаа. Та сайн явж ирэв үү?
Сайн явж ирлээ. Юуны өмнө Сэлэнгэ аймгийн залуустай уулзах, үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулах завшаан олгосон танд болон танай телевизийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
Монголын хүн амын дийлэнх хэсэг болох залуучуудын хөгжил, тэдний дуу хоолой  Монголын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахын сацуу шинэ үеийн удирдагчдын ихэнх нь залуучууд болж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймаг ч мөн залуусыгаа дэмжин ажиллах зорилтыг голлон авч үзэж байгаа юм. Тиймээс танаас өнөөгийн залуус ямар асуудлуудыг илүү их хөндөж, мэдэхийг хүсч байна вэ?
Монголын Залуучуудын Холбоо нь 360 гаран салбар зөвлөлтэй, Монголдоо хамгийн томд тооцогдох ТББ байгууллага юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд үйл ажиллагаа доголдсон байсан ба бид 1 жил гаруйн өмнөөс нэлээн идэвхжүүлэлт хийж, сайжруулж байна. Бидний хувьд залуучуудаас нэлээн хөндийрсөн байсан. Иймээс ч зөвхөн Улаанбаатар хотод биш Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа залуустайгаа нүүр тулан ярилцаж, хөгжлийн шинэ шатанд аваачихыг эрмэлзэж, чуулганыг эхлүүлээд байна. Бид орон нутгийн салбар зөвлөлийг идэвхжүүлэх зорилгоор энэ 4 сараас эхлээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос эхлэн, чуулж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн хувьд залуучуудын зөвлөлийн дарга нь шилжсэнээр үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орчихсон байсан. Тиймээс шинээр бүх зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт оруулах үүднээс Сэлэнгэ аймгийн залуучуудтай 2 өдрийн турш чуулж байна. Үндсэндээ 14 сумаас нийт 189  төлөөлөгч ирсэн. Эдгээр залуус маань  залуучуудын чуулганыг удаан хүлээсэн гэдгээ хэлж байсныг онцлох хэрэгтэй болов уу. Мөн бид бүхэн дараа дараагийн үйл ажиллагааг хэрхэн , яаж идэвхжүүлэх талаар олон ажлыг ярилцаад байна.
Таны хэлснээр яалт ч үгүй Сэлэнгэ аймагт залуучууд руу чиглэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон байсан юм. Таны нүдээр аймгийн залуусын хөгжил ямаршуу дүр төрхтэй харагдаж байна вэ? Ер нь зөвхөн Сэлэнгэ аймагт гэлтгүй нийт Монгол Улсын хэмжээнд ямар дүр зурагтай байна?Таны хувьд аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нартай уулзсан.
Ер нь улс орны хэмжээнд хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг сэргээн уулзъя гэж Ерөнхий сайдад хүсэлт гаргаад, ЗГХЭГ-н дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулаад явж байна. Өөрөөр хэлбэл бүх аймаг, сум,нийслэлээс хуучин хүүхдийн чиглэлээр ажиллуулж байсан кинотеатр, номын сан, ажлын байр,соёлын төв зэргийг судалсан. Үүний гол санаа нь шинийг барьж байгуулдаггүй юм гэхэд ядаж л хуучин байгаа обьектуудаа сэргээж ажиллуулья гэдэгт оршиж байна. Эдгээрын ихэнх нь хувьчлалд орчихсон. Тийм учраас цэгцлэх хэрэгтэй. Сэлэнгэ аймгийн хувьд бол залуус маань сайн ч , саар ч зүйл их ярьж байна. Ганцхан Сэлэнгэ аймаг гэлтгүй улсын маань өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж буй залуусын эрх ашиг, хөгжил дэвшил орхигдсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Энэ асуудлыг эргээд хэвэнд нь оруулахын тулд тэдний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. Ер нь залуу хүн бүр ямар нэгэн асуудалд оролцдог байх хэрэгтэй, тэднийг оролцуулдаг байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл орон нутаг, төр захиргааны удирдлагууд залууст дуу хоолойгоо нэгтгэх боломж өгөхгүй байгаа нь цаана нь авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал, нам дагасан булхай луйврууд нуугдаад байна гэсэн дүгнэлтийг бидний зүгээс өгчихөөд байна. Тийм учраас залуусыг асуудал бүрт хүрч оролц, оролцохдоо шударга, олонд нээлттэй оролцох ёстой гэдгийг бидний зүгээс шаардаж байгаа. Хуучин МХЗЭ байхад бүх үйл ажиллагааны чиглэлийг чиглүүлэн өгдөг байсан бол одоо цагт залуучуудад мотиваци өгөх, та бүхэнд боломж байгаа шүү гэдгийг хэлж өгөх хэрэгтэй  үе ирчихээд байна. Залуусын маань оролцож, хийж байгаа ажил тэднээс шууд хамааралтай гэсэн үг. Залуу хүн бүхэн оролцоод л байх юм бол энэ асуудал бол миний л асуудал юм гэдэг ойлголтыг тэдэнд өгнө. Бид ТББ-аа идэвхжүүлээд зогсохгүй төр, захиргааны байгууллагуудтай холбож өгөх ажлыг хийж байна. Тийм ч учраас өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргатай санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр төрөөс залуучууд руу чиглэсэн бүхий л асуудлуудыг шийдэж өгөх, нэг нэгнээ дэмжих,  нийгэмд тулгамдаад байгаа авлигын эсрэг болон бусад асуудлууд дээр хамтран ажиллах, мөн манай байгууллагын зүгээс хэрэгжүүлж эхлээд байгаа “Спирт үү, Спорт уу” аянд нэгдэх, түүнчлэн дүүрэг, аймаг, сум, баг бүр цаашлаад байгууллага бүрт зөвлөл хэрхэн байгуулах вэ зэрэг олон асуудал дээр хамтарч ажиллах тал дээр санал солилцлоо. Түүний дараа орон нутгийн хэмжээнд бодлого тодорхойлж буй гол байгууллага бол аймгийн ИТХ болон ИНХ. Эдгээр хурлуудын түвшинд УИХ дахь залуучуудыг дэмжих Лобби бүлгийн зөвлөлийг байгуулах тал дээр ч ярилцав. Ямар ч байсан бидний зүгээс ИТХ-н төлөөлөгчдөд Лобби бүлэгт нэгдэнэ үү гэсэн уриалгыг хүргүүлчихсэн байгаа. Лобби бүлэг тун удахгүй хуралдаад ИТХ-н дараагийн хурлын тов тодорхой болно. Түүнчлэн Сүхбаатар хотынтүвшинд хийгдэх ажлыг Засаг даргатай нь ярилцсан. Сүхбаатар хотын маш олон залуучуудын амьдрах орчинг сайжруулахад хийж болох бүхий л зүйлийн талаар санал бодлоо солилцсон юм. Харин энд (Сэлэнгэ) нэгэн харамсалтай зүйлийн талаар хөндөхөд хуучин МЗХЭ-н байр одоо диско баар болсон байсныг анзаарлаа. Үүнийг шалгаж судлаад  обьектийг буцааж авах тал дээр ажиллаж, залуучууддаа чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй гэдгийг санууллаа.
Өнөөдөр залуучуудын нэг хэсэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нөгөө хэсэг нь чадварлаг байгаа хэрнээ их эрт эцэг эх болж байна. Тэр хэрээр тэдэнд их ачаалал нэмэгддэг. Түүнээс болоод зарим хэсэг нь архинд орж байна. Энэ тал дээр МЗХ ямар байр суурьтай, ямар ямар ажлуудыг хийж бас хийхээр төлөвлөөд байна вэ?
Залуучуудын өмнө тулгамдаад байгаа 5 гол асуулт бий. Үүнд: ажлын байрны асуудал, орон сууц буюу өрх тусгаарлах, боловсролын асуудал буюу мэргэжлээ зөв сонгох болон сэтгэл ханамжийн байдал, эрүүл мэнд, чөлөөт цагийн асуудал юм. Энэ 5 сэдвийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд Залуучуудын Үндэсний хороо ажиллаад эхэлчихсэн. Эдгээрээс МЗХ нь залуучуудын орон сууцны асуудал дээр ажиллаж байна. Тэр ч үүднээсээ МЗХ дэргэд Монголын Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж байгуулахаар Хөдөлмөрийн яамны сайдтай гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэхүү бирж нь орон нутгийн хэмжээнд тухайн аймгийн залуучуудын  салбар зөвлөл дээр тулгуурлан сум, баг бүртээ тулж ажиллах юм.Өөрөөр хэлбэл хамгийн өргөн сүлжээтэйгээр үйл ажиллагаа явуулах бирж болно гэж ойлгож болно. Хөдөлмөрийн төв бирж дараах 5 гол ажлыг сонгож, санаачилж хийнэ. Нэгт залуучуудын ажлын байрны асуудлыг шийдэх, нэмэгдүүлэх санал санаачилга гаргаж ажиллана. Хоёртоюутнуудыг цагийн ажилд зуучилж өгөх, цаашлаад Монголд цагийн ажлын тогтолцоо, системийг нэвтрүүлэх. Гуравт оюутнуудад дадлагажих ажлын байрыг гаргаж өгөх, зуучилснаар эргээд тухайн оюутнуудыг ажилд авсан байгууллагуудад шинэ тогтолцоог бүрдүүлж өгөх. Дөрөвт гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол залуус маань хэзээ нэгэн цагт эх орондоо ирэх шаардлагатай болдог. Тэр үед нь нээлттэй ажлын байрууд бий болгох гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тавд залуу хүн бүр залуу насандаа тодорхой хэмжээний ямар нэгэн сайн дурын ажил хийх ёстой. Тэр ч үүднээс сайн дурын олон нийт рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулах гэсэн эдгээр төсөл хөтөлбөрүүд байна. Харин бид нар орон нутгийн дарга нараас юуг зарчим болгож асуух вэ гэхээр танай аймаг, сум, багт хэдэн хүн ажилгүй болон ажилтай, хэдэн хүн өрх толгойлдог, гэр бүлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд залуус хэд байгаа юм бэ гэх мэтийн асуудлуудыг мэдэж авснаар хэнд ямар, ажлыг үүрэг болгох вэ гэдэг асуултыг бид тодорхой болгож, бидний хийх ажлын гол зангилаа гарч ирэх юм. Аймаг, сум, баг, дүүргийнхээ залуусыг сайн мэддэг, тэдний дуу хоолойг улс орон, төрд хүргэж чаддаг байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тэдгээр дарга нарт тавьж байна. Тэгэхээр тухайн орон нутгийнхаа удирдлагыг залуус маань дэмжиж эсвэл шүүмжилж чаддаг байгаасай гэсэн гэж бодож байна. Мөн орон нутгийн төсөвт хяналт тавьдаг байхыг орон нутгийн дарга нар болон залуусаас хүсэж байна.
Өнөөдөр Монголын залуусын ажилгүйдлийн түвшин өндөр хэдий ч нэг хэсэг нь дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг гаргаж байгааг бид бүхэн мэддэг, тэднээр бахархдаг. Энэ тал дээр Засгийн газраас ч тэдгээр залууст маань дэмжлэг өгч, ажиллаж байгаа шүү дээ. Таны бодлоор тэдгээр залууст илүү дэвших арга зам юу байна вэ?Мөн ихэнх залуус их дээд сургуулийн дипломтой, аль эсвэл гадаадын улс оронд сурснаар мэдлэг, боловсролтой болдог гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Үүнийг та өнөөдөр залуучуудын хөгжил гэж хэлэх үү?
Мэдээж залуу хүний хөгжилд хязгаар байдаггүй шүү дээ. Бид бүхэн хөгжиж, дэвшихийн төлөө цаг наргүй ажиллаж, боловсорч, зүтгэж байдаг. Хөгжил гэдэг ойлголт бол тухайн хүн амьдралдаа сэтгэл ханамжтай болоод ирэхээрээ өөрийгөө би хөгжиж байна, түүний дараагаар өөрийгөө засчихлаа, гэрээ засчихлаа, одоо төрөө засья гэдэг ухагдахуунтай болдог. Залуу хүний тухайд өөрийгөө аварснаар өрөөлийг аврах, түүний дараа улс эх орныхоо төлөө хийж бүтээх зүйлээ тодорхойлсон байдлаар хөгжиж дэвших ёстой. Тэгэхээр хүн үргэлж ирээдүй өөд тэмүүлж, дараа дараагийн боломж юу байна бүгдийг судалж насан туршдаа хөдөлмөрлөж, боловсрох хэрэгтэй шүү дээ. Би боллоо гээд хойш суух хэрэггүй. Улс эх орондоо өөрийн гэсэн хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өөрийн гэсэн зорилго, зорилтыг бий болгож түүндээ хүрэх итгэл үнэмшил дээр тулгуурлаж, зөв сэтгэж хичээх ёстой. Хичнээн зөв сэтгэлгээ байсан ч зорилгоо буруу тодорхойлчихсон л бол чиний зорилт талаар болох болов уу. Тэгэхээр хамгийн гол нь зөв сэтгэлгээ, үнэнч шударга байдал, хичээнгүй зан, тууштай хөдөлмөр эдгээр чанаруудыг залуус маань өөртөө шингээгээсэй. Анхнаасаа буруу эхэлсэн бол бүтэхгүй зүйлүүдтэй тулгарах вий гэсэн бодлыг үргэлж дотроо бодож байх хэрэгтэй. Нөгөө талаар залуус маань шударга бус зүйлийн төлөө тэмцэж чадсанаар нийгэмд олон сайхан гэгээлэг байдлыг бий болгоно гэдгийг санаж явах нь зүйн хэрэг болов уу. Мөн авлига болоод намчирхах, улс төржихгүй байвал бидний ирээдүй шинэлэг шатанд гарч ирэх бүрэн боломжтой. Тал талд очоод намчирхаад байхгүй бүгд сууж байгаад ярилцаад болохгүй бүтэхгүй асуудлыг хөндөх, шийдэх, үр дүнг нь үзэх нь л эх орны болоод залуусын маань ирээдүйн зам гэрэлтэй болох юм. Бид намчирхах байдал ямар үр дүн авчирдгийг нүдээрээ харлаа шүү дээ. Тэрхүү байдлыг халах, шинэ шатанд аваачих л бидний гол үүрэг болоод байгаа гэдгийг залуус маань ойлгох цаг нь ирсэн. Өчигдөр л гэхэд чуулган дээр Ардын намын залуус ч байна, Ардчилсан намыг залуус ч байна. Тэд талцахгүй, бүгд л нэг дор суугаад зөвхөн залуусынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ байдал нь бидний хувьд маш том ололт юм даа.
Өнөөдөр их дээд сургуулиа төгссөн залуучууд маань хөдөө орон нутагт ажиллах сонирхолгүй байдаг шүү дээ. Манай аймгийн хэмжээнд гэхэд 2 суманд эмч байхгүй байгаа юм. Шинээр сургуулиа төгсөж буй залуус хөдөө рүү зүглэх дургүй, насаараа ажилласан хүмүүс нь үлдээд улмаар тэдгэээр хүмүүс нь тэтгэвэртээ гарснаар бүхэл бүтэн хоёр сум эмчгүй эзэнгүйдсэн байна. Тэгэхээр энэ мэтийн асуудлыг шийдэхийн тулд залуусыгаа хэрхэн яаж уриалан дуудах вэ? Аль эсвэл боловсролын системд өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой юу?
Боловсрол гэхээсээ илүү хотын хөгжлийг орон нутагтаа нэвтрүүлэх арга зам шүү дээ. Анх удаа орон нутаг төрөөс олгож байгаа төсвийг өөрсдийн мэдэлд авч ажиллаж эхлээд байна. Ингэснээр сайн боловсон хүчний тогтолцоог орон нутагтаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийг нээн өгч байгаа эхний алхам юм. Нөгөө талаар МЗХ дэргэдээ 17 хороог байгуулаад ажиллаж эхэлсэн. Залуучуудын эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, спорт, хууль эрх зүй, хүмүүнлэг, шинжлэх ухааны гэх мэтчилэн хороодыг байгуулсан. Эдгээр хороодыг Монголын нүүр царай болсон чадварлаг залуус ахалдаг. Яг таны хэлсэнчлэн хөдөө орон нутагт тулгамдаж, дутагдаад байгаа боловсон хүчний асуудал маш нухацтайгаар яригдаж байна. Жишээ нь хуулийн төсөл, цэргийн дүйцүүлэх алба хаах эсвэл цэргийн албыг арай өөр хэлбэрээр хаах сонирхолтой залуусын санал, хуулийн шинэ зохицуулалт хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл боловсон хүчин дутагдаж байгаа сумдуудад нарийн мэргэжлээр 3 жил ажилласан залуучуудыг цэргийн алба хаасанд тооцон төрийн албанд орох нөхцөл нь хангагдсан байна гэж үзэх хуулийн төсөлтэй больё гэсэн санал яригдсан. Тэгэхээр МЗХ-ны хороодууд аль болох шийдвэрлэх түвшинд хүрч ажиллаж байгаа юм. Засгийн газрын хувьд тэр бүр бүх асуудалд хүрч ажилладаггүй. Өөрөөр хэлбэл бид нарзалуучуудад тулгамдаж байгаа асуудлуудтай өдөр бүр нүүр тулж байдаг. Тэр шийдлүүдээ бид Засгийн газарт холбож өгөөд шийдвэрлүүлэх арга замыг хайх хэрэгтэй болж байна. Бидний зүгээс энэ мэтчилэн олон өөдрөг зүйлсийг бүтээх боломжтой гэсэн дүр зургийг харж байна.Тэр ч үүднээс МЗХ санаачилга гаргаж, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын Үндэсний Хороо, УИХ дахь Залуучуудыг дэмжих Лобби бүлгийг байгуулан ажиллаж байна. Лобби бүлгийн тухайд 44 гишүүнтэй, УИХ дахь хамгийн том лобби бүлэг юм.
Танд маш их баярлалаа. Энэ мэтээр яриад байвал залуусынхаа төлөө ярих, хийх та бидний сэдэв дуусахгүй шүү дээ. Сэлэнгэ аймгийн Залуучуудын Холбооны үйл ажиллагаагаар дамжуулан МЗХ ямар шат, түвшинд байна вэ гэдгээ харж болох байх аа. Сэлэнгэ аймагт зочилж бидний дуу хоолойг сонсож, бидэнтэй хамтран ажиллах болсонд таатай байна. Танд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Сэлэнгэчүүддээ хандаж хэлэхэд Сэрэх цаг болсон шүү гэж хэлмээр байна. 


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш