УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-05-10/ үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулгадаа, “Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/47 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодйн төлбөр барагдуулах ажлын алба нь 2006 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авсан. Үүнээс, 2013 оны байдлаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35,9 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгийг олгоод байна. Хууль тогтоомжийн хэарэгжилт 99,5 хувьтай байгаа бөгөөд 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна.
Дээрх 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ямар хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй байна.
Төрөөс нийт 36.1 тэрбум төгрөгийг хүлээн авсан. Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 20.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд үүнээс төрд 15.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100 хувь барагдуулж, “Гэр хорооллын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржихүй”, “Европын хөгжил”, “СиЭм Си”, “Севен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлбөр барагдуулахад хүндрэл, бэрхшээл тулгарсан.
УИХ-ын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21, 22 дугаар тогтоолуудаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судалж, холбогдох хууль, УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгаж байсан.
Дээр дурьдсан Ажлын хэсгээс 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж уг журмаар хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилган, худалдан борлуулах боломжтой болсон хэдий ч нийт хохирогчдын үлдэгдэл хохирлыг барагдуулах боломжгүй байна” гэлээ.
Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршооны хэргээс хэн хохирч, хэн хожсон, хэн хожсоныг тогтоох, хохирогч нарын төлөөллийг оролцуулан мэдээлэл сонсох, хурааж авсан эд хөрөнгийг үнэлэх болон бусдад шилжүүлэхэд ямар ажилтан, албан тушаалтан хариуцлага алдсаныг тогтоолгох үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, үүнээс гаргасан тайланг нээлттэй хэлэлцүүлгээр сонсохоор тогтсон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс энэ хэргийн хохирогч, хожигч нь хэн байгааг хуулийн байгууллагаас нарийвчлан тогтоосон эсэх, Хадгаламж зээлийн хоршоодоос хураасан хөрөнгийг үнэгүйдүүлж ашигласан эздийг тогтоосон эсэх, барилга байгууламж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг үнэ хүрэх томоохон эд хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлсэн, түүнийг шалгаж нягталсан эсэх, хураагдсан эд хөрөнгө одоо байгаа эсэх, түүнийг дахин үнэлж, худалдан борлуулахад хохирлын хэдэн хувийг барагдуулахад хүрэлцэх, Хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдох улс төр, эдийн засгийн бүлэглэлийг тогтоосон эсэх, хоршооны хөрөнгөөс их хэмжээний мөнгө татан авч зориудаар дампууруулахад хүргэсэн гол буруутныг тогтоосон эсэх зэрэг олон асуудлыг хөндөж, холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авлаа.
Тухайлахад, УИХ-ын гишүүн А.Бакей, “Хадгаламж зээлийн хоршооны асуудал яригдаж эхэлснээс хойш тав зургаан жилийн нүүр үзэж байна. Удаан хугацааны турш хохирлын асуудал нэлээд олон Их хурал, Засгийн газрын анхаарлын төвд явж ирсэн мөртлөө өдий хүртэл шийдэгдэхгүй яригдаж байгаа, Өргөн барьсан хуулийн төсөлд хохирлыг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулна гэсэн байна. Эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах гэдэг нь тодорхой хугацаатай байх уу. Хадгаламж зээлийн хоршоодыг үүсгэн байгуулагч, мөн буруутай этгээдээс хохирлын төлбөрийг гаргуулж хохирогчид болоод төрд мөнгөн хөрөнгий нь шилжүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчид тухайн үед гишүүдээ, бусад иргэдийг хохироосон үүсгэн байгуулагчид нь өнөөдөр хэрэг хүлээх, хохирлыг барагдуулах нэрээр бодитоор байна уу. Буруутай этгээд гэж мөн нэрээр тодорхой бүртгэлтэй байгаа юу. Тухайн үедээ хариуцлагагүй хандсан гэдгээр төрийн албан хаагчдыг буруутай гэж үзэж байгаа юм байна. Иймд тухайн үед төрийн яг ямар албан тушаал эрхэлж байсан ямар албан хаагчдыг буруутай гэж үзэж байгаа юм бэ. Хэрвээ үнэхээр буруутай гэж үзэж байгаа нь тодорхой байвал нэрээр нь нэрлэж хэлж болдоггүй юм уу” гэж асуусан.
Х.Тэмүүжин сайд, “Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хохирол барагдуулах тухай хуулийн заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуультай зөрчилдсөн байдлаар журам гаргуулаад явуулчихсанаас болоод хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулж хохирогчдод болон улсад эргэн төлөгдөх мөнгийг олох асуудал зөрчилдөөнд орсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухайн үеийн удирдлага албан тушаалтнууд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хуулийн дагуу хөдлөх хөрөнгийг иргэний болон бусадхуулиар үнийг нь доош нь буулгаж үнэгүйдүүлэх байдлаар зарж борлуулсан хууль бус үйлдлүүд гарсан. Энэ үйлдлүүд дээр шалгагдаад зарим нэг нь хариуцлага тооцогдохоор явж байгаа. Гэхдээ ямар ч байсан одоо алга болсон лиценз, газар, үл хөдлөх хөрөнгүүдийг тодорхой болголоо. Эдгээрийг хуульд өөрчлөлт орж байгаа нөхцөл байдалд тааруулж зах зээлийн үнэлгээгээр үнэлээд борлуулж орлого олох юм бол тэр орлогоосоо нэн түрүүнд хадгаламж зээлийн хохирогчдын хохирлыг барагдуулах нөхцөлөөр энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. Дараа нь шалгаж тогтоогоод хууль бус үйл ажиллагаа явуулсан албан хаагчдаас тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах асуудлаа шийдвэрлүүлээд ирэхээр төсөвт буцааж төлөх ёстой мөнгүүдээ оруулж ирэх байх. Хугацааг бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнөх Засгийн газар, өмнөх Хууль зүйн яам, өмнөх хуулийн байгууллагууд шиг өөрсдөө хулгай хийдэг зарчимгүй үйлдлийг таслан зогсоож байгаа юм. Одоо үйл ажиллагаа өөртөө мөнгө ольё, завшья гэхээсээ илүүтэйгээр энэ эд хөрөнгүүдийг бодит үнээр нь зараад яаж хохирогчдыг хохиролгүй болгохов, дараа нь төрийг яаж хохиролгүй болгохов гэдэг ажлаа хуулийн байгууллагууд зохистойгоор хуулийн дагуу хийж эхэлнэ. Энийг л би хууль зүйн сайдын хувьд амалж байна” гэлээ. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.