logo
“24 цагт өөрчлөх үү” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ

“24 цагт өөрчлөх үү” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ

2013/05/11
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлын хүрээнд  гэр хорооллын инженерийн дэд бүтцийн холболтын тухай цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн  үзэгчдэд хүргэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮОНТ-ийн Программын албаны дарга Г.Агааноров, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, нэвтрүүлгийн технологийн түнш “Атмор” компанийн захирал С.Дэлгэрбаяр нар оролцож мэдээлэл өглөө. МҮОНТ-ийн программын албаны дарга Г.Агааноров “НЗДТГ-аас санаачлан иргэдийг соён гэгээрүүлэх цаашлаад мэдээлэл өгөх зорилгоор дээрхи нэвтрүүлгийг манай уран бүтээлчидтэй хамтран хийж байгаад  талархаж байна. Тус нэвтрүүлэг “24 цагт өөрчлөх үү” нэртэйгээр энэ долоо хоногоос эхлэн ням гараг бүрийн 18.20 минутад манай телевизээр үзэгчдэд хүрэх бөгөөд 20 цувралыг хийхээр бид төлөвлөсөн байна” гэлээ. Харин НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс “Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Нийслэлийн утааг зун ч гэсэн битгий мартаарай” гэж тодотгон хэлсэн. Нийслэлийн удирдлагууд ч энэ зарчмаар ажиллаж байгаа. Өвөл нь утаатай, зун нь хөрс, агаарын бохирдолтой амьдрахгүйн тулд нийслэлийн нэг номерын асуудал болсон гэр хорооллынхоо асуудлыг шийдвэрлэж, амины тохилог орон сууцаар хангаж, дэд бүтцэд холбох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед тус нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх гэж байгаа нь олон талын мэдээлэл, мэдлэг болж чадна гэдэгт итгэж байна” гэж онцлон хэлсэн юм. “24 цагт өөрчлөх үү”  нэвтрүүлэгт технологийн түншээр ажиллаж байгаа Атмор компани нь 10 жилийн туршлагатай бөгөөд өөрсдийн нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг амины орон сууцанд туршилтаар суурьшуулах юм. Уг нэвтрүүлгийг НЗДТГ, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас үнэн бодит мэдээллээр ханган ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш