УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Надаас хөврөх үнэн, хайр цаг хугацаа” тайлан тоглолт өчигдөр UB PALACE-ийн их танхимд боллоо. Урлагийн шилдгүүд нэгэн дээвэр дор, нэгэн үдэшийг жүжиглэж, дуулаж, бас найруулж өнгөрөөлөө. Энэ гайхалтай бүхнээр дамжуулан Н.Наранбаатар найруулагч хэн бэ гэдгийг үзэгчдэд таниулж чадсан юм. Түүний хувьд Монголын орчин цагийн драмын урлагийн хөгжилд өөрийн авьяас билгээ зориулж, үзэгчдийн таашаалд нийцсэн шилдгийн шилдэг уран бүтээлүүдийг найруулан тавьсан найруулагч гэдгээрээ бусдаасаа онцгойрч ялгарч чадаж байлаа. Хоёр жилийн өмнө түүний найруулсан дэлгэцийн бүтээл болох “Үл таних эмэгтэй” кино үзэгчдийг байлдан дагуулсан. Уг киноны дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан бөгөөд өчигдөр анх удаа тайзан дээр дуулж байна гэдгээ хэлсэн юм. Ахмадын сургаалтай, үзэгчдийн нижигнэсэн алга ташилттайгаар өндөрлөсөн уг тоглолтын хамгийн сэтгэлд буусан зүйл нь Наранбаатар найруулагчийг чулуу болгон хувиргасан явдал байлаа.