УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцаж, бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан мод тарилаа. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон бүх аймаг, сумдын байгууллага, иргэд мод тарьдаг уламжлал тогтсон билээ. Өнөөдөрын арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Иргэдийн Хурлын бужсад төлөөлөгчид оролцон мод тарилаа.УИХ-ын дарга модыг тариад орхих биш ургуулах тал дээр сайтар анхаарч, өөрсдийн тарьсан модоо байнга арчлахыг сануулаад, нийслэл хот болон бүх аймаг сумдуудыг мод тарихыг уриаллаа. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлтэй танилцаж, түүнд тусгагдаагүй үнэтэй саналуудыг хэллээ.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 930 га талбайг хамарсан бөгөөд тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үзүүлэлтээр 10 жилийн дотор 93 сая ам доллар зарцуулж санхүүжүүлвэл дэлхийд хэмжээгээрээ нэгд орох хүрээлэн болно гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Нийслэлчүүд цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай болохоос гадна агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх 22 төрлийн мод, бут сөөг тарих боломжтойг тус хүрээлэнгийн удирдлагууд хэлж байна. Одоогоор тус хүрээлэнгийн 30 га талбайд 93907 ширхэг мод сөөг тарьсан байна.Эхний ээлжинд 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.