Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн өөрийн твиттер хуудаснаа Хөвсгөлд амьдардаг нэгэн гэр бүл үрчилж авсан хүүхдээ гурван жил амбаартаа хорьж байсан тухай мэдээллийг тавьсан билээ. Тэрээр мөн тус хэргийн мөрөөр хэвлэлийнхэнийг Хөвсгөл аймаг руу явуулсан аж. Харин энэ хэргийн талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Буяндалай ярихдаа "Хэргийг аймгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах хэлтэс мөрдөн шалгаж байна. Хүүхэд болоод хэрэг нь шалгагдаж байгаа хүний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бас хэргийн мөрдөн байцаалт, шалгалтын үйл ажиллагаа нууц байх учиртай. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг ил болгохгүйн тулд энэ талаар тодорхой мэдээлэл өгч болохгүй байна. Дүгнэлт гараагүй байна. Одоогийн байдлаар хүүхдийн бие зүгээр байгаа" гэсэн юм. Тэрээр мөн хүүхдийг эцэг эхгүй асран хамгаалагчындаа амьдарч байсан гэдэг мэдээллийг өглөө.